Өнөөдөр: 2017-08-23
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

Унгар улс

1%-ИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛСАН ҮЙЛ ЯВЦ

Унгарын 1%-ийн татварын хуулиас Үндэсний иргэний сан хүртэл

Балаш Геренсер

1%-ийн татварын хууль хэмээн олны дунд нэрлэгддэг өвөрмөц хууль тогтоомжийг Унгар улс 1996 онд баталсан билээ. Төрийн бус байгууллагуудыг дэмжсэн энэхүү хууль нь олон орны хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан. Гэвч энэ хуулийг батлуулахын төлөө хийсэн тэмцэлд Унгарын ТББ-уудын олонх нь төдийлөн оролцоогүй бөгөөд санхүүжилтийн энэ эх үүсвэрийн тухай хууль батлагдсаны хойно л олж мэдсэн.

2003 онд Унгарын парламентаас Үндэсний иргэний сангийн хөтөлбөрийг баталсан нь 1%-ийн тухай хуулийн үр шимийг голчлон хүртэж буй ТББ-уудад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.(1) 1%-ийн хууль нь дээрх шинэ хөтөлбөртэй ямар холбоотой вэ? Энэ хөтөлбөрийг боловсруулж батлуулахад ТББ-ууд илүү идэвхтэй оролцож чадсан уу? 1%-ийн тухай хууль үйлчилж буй өнгөрсөн долоон жилийн хугацаанд ТББ-уудын зүгээс нөлөөлөл, лобби ажиллагаанд ямар амжилт гаргасан бэ?

Унгарын 1%-ийн тухай хууль – дээрээс доош чиглэсэн санаачлага
1%-ийн тухай хууль нь өмнөх жилд төлсөн орлогын татварыхаа 1%-ийг тодорхой шаардлага хангасан нийгэмд үйлчилдэг байгууллагад шилжүүлэх талаар хүсэлт гаргах эрхийг татвар төлөгчдөд олгосон. Хэрэв татвар төлөгч энэ бололцоог ашиглахыг хүсэхгүй бол татвар төлсөн мөнгө нь бүрэн хэмжээгээр улсын төсөвт хуримтлагдана. Хэдийгээр нэг татвар төлөгч нэг л байгууллагад мөнгөө шилжүүлэх ёстой ч Унгарын ТББ-уудын тал нь энэхүү хуулийн ачаар санхүүгийн дэмжлэг хүртдэг.(2) ТББ-уудад олгосон энэ боломж нь засгийн газрын санаачлагаас үүдэлтэй. Тухайн хуулийг батлуулахын төлөөх лобби ажиллагаанд ТББ-ууд төдийлөн оролцоогүй нь энэ талаар мэдээлэл түгээгээгүй буюу өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулаагүйтэй холбоотой. Зөвшилцөх уулзалтууд нь эрх баригч (Социалист болон Либерал) намууд болон томоохон сүм хийд, яамдын төлөөлөгчдийн дунд нэлээн нууцлаг байдлаар явагдсан.

ТББ-уудад шууд нөлөө үзүүлсэн энэхүү санаачлагын талаарх хэлэлцүүлэгт тэд яагаад оролцоогүй вэ? Үүнд засгийн газартай холбоотой хэд хэдэн шалтгаан байв:

  • Үндэсний соёлын болон боловсролын байгууллагуудыг дэмжиж, төсвийн санхүүжилтийг нь бууруулахгүйн тулд Боловсрол соёлын яамнаас дээрх хуулийн төслийг санаачлахдаа эдгээр байгууллагатай л голчлон харилцаж байсан.
  • Хуулийн эхний төслүүдэд зөвхөн төрийн байгууллагууд л мөнгө авах эрхтэй байхаар заасан. Дараа нь төрийн хуулийн сангуудыг нэмж оруулсан.(3)
  • Энэ үед ТББ-уудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой ТББ-ын асуудал эрхэлсэн хэлтэс Ерөнхий сайдын ажлын албанд байгаагүй ба ТББ-ын асуудлыг хамаардаг байнгын хороо парламентад бий болоогүй байсан.(4)
  • 1%-ийн асуудлаар эрх баригч намууд болон сүм хийдийн хооронд нэлээд маргаан өрнөж байсан.
  • Засгийн газраас сүм хийдүүдтэй зөвшилцөхөд гол анхаарлыг хандуулж байв.

ТББ-уудтай холбоотой шалтгаануудаас дурьдвал:

  • Тухайн үед боловсруулж байсан Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын тухай хуулийн төсөлтэй холбогдсон ажилд ТББ-ийн шинжээчид болон лидерүүд оролцоод завгүй байсан.
  • 1%-ийн асуудлыг зөвхөн сүм хийдтэй холбогдсон санаачлага гэж олон нийт ойлгож байсан.
  • Хуулийн төслийг олон нийтэд хүргэх асуудлыг зохицуулах хүчтэй дээвэр байгууллага байгаагүй.
  • ТББ-уудын эрх ашгийг төлөөлөх ерөнхий бүтэц бүрдэж амжаагүй байв.

Гэсэн ч ТББ-уудын албан бус төлөөлөл байсан. Улс төрийн ерөнхий уур амьсгал нь иргэний нийгмийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, улс төрийн харьцангуй шинэ тогтолцоонд ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэх ёстойг төр засаг ч ухамсарлаж байлаа. Парламентын гишүүдийн ихэнх нь янз бүрийн ТББ-ыг үүсгэн байгуулалцаж байсан ба хэд хэдэн улс төрийн нам нь иргэний хөдөлгөөний журмаар үүссэн түүхтэй. Тиймээс ТББ-уудын зохион байгуулалттай албан ёсны лобби бүлэг ажиллаагүй ч тус салбарын эрх ашгийг иргэний нийгмийн үйл ажиллагаанд оролцдог улс төрчид болон олон нийт илэрхийлж чадсан. Үүний үр дүнд 1%-ийн тухай хуулийг парламент баталж, хуулийн төслийн эхний хувилбарт зөвхөн соёлын байгууллага, төрийн хуулийн сангууд зэрэгт л олгохоор төлөвлөж байсан төсвийн санхүүжилтийг ихэнх ТББ-ууд хүртэх боломжтой болсон.

Эхний үе шатан дахь тодорхойгүй асуудлууд
1%-ийн тухай хуулийг нэвтрүүлэхэд хүндрэл бэрхшээлүүд ч мөн гарч байв. Парламент уг хуулийг 1996 оны 12 дугаар сарын сүүлийн хуралдааны эцсийн минутанд амжиж батлахын тулд цагийг хүртэл зогсоож байсан. Үүнийг олон хүн Үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүмжилсэн. Гэсэн ч хуулийн гол эсэргүүцэгчид нь хэдэн арван мянган ТББ-уудтай өрсөлдөхийг хүсээгүй сүм хийдүүд байлаа. Томоохон сүм хийд 1%-ийн системийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ба тэдний эсэргүүцлийн үр дүнд 1997 оноос хуулинд өөрчлөлт оруулж ТББ-ууд болон шашны байгууллагууд тус бүр 1%-ийн санхүүжилт авахаар болсон. 1%-ийн тухай хуулинд өөрчлөлт орсноос хойш буюу 1998 оноос хойш өнөөг хүртэл татвар төлөгчид төлсөн татварынхаа 1%-ийг ТББ-уудад, бас 1%-ийг сонгосон сүм хийддээ шилжүүлэх боломжтой болсон.(5)

1%-ийн тухай хуулиар олгогдсон шинэ боломжийг ТББ-ууд янз янзаар хүлээж авч байсан. Шинэ систем нь нэлээд зардалтай, хүнд сурталтайн хажуугаар томоохон байгууллагуудад давуу тал олгож, тэдний л чадавхийг нэмэгдүүлнэ гэж айж байв. Энэ байдлаас зайлсхийхийн тулд аль нэг байгууллагыг бус тодорхой үйл ажиллагаанд санхүүжилт өгөх загварыг зарим хүмүүс санал болгосон. Энэ хууль үйлчилснээр төрөөс үзүүлдэг өөр бусад дэмжлэг багасна гэж олон байгууллага санаа зовж байв. Иймээс тэдний зарим нь 1%-ийн тогтолцоог эсэргүүцэн төсвөөс санхүүжилт авахаас татгалзаж байв. Зарим байгууллагын хувьд урьд өмнө байгаагүй өрсөлдөөнд орохоос эмээж байлаа. ТББ-уудын лидерүүд олон нийт тэднийг дэмжих эсэхэд санаа зовж байв. Янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд татвар төлөгчид тэднийг хэрхэн үнэлэх бол хэмээн болгоомжилж байсан ба ерөнхийдөө тодорхойгүй байдал үүссэн байлаа.

Харин зарим ТББ олон нийттэй харилцах шинэ бололцоог талархан хүлээн авч 1%-ийн тухай хуулийн гол ач холбогдол нь үүнд оршино гэж үзэж байсан. Хуулийг дэмжигчдийн таамаглаж байсанчлан хамгийн их санхүүжилтийг янз бүрийн эх үүсвэрээс дэмжлэг авдаг том байгууллагууд бус харин жижиг, үйлчилгээ үзүүлдэг “иргэдэд ээлтэй” ТББ-ууд хүртсэн.

Эдгээр харилцан адилгүй санал бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж болох байсан ч хуулийг боловсронгуй болгохтой холбогдсон лобби ажиллагааг аль ч байгууллага буюу ТББ-уудын бүлгээс явуулсангүй.

1%-ийн тухай хуулийн хэрэгжилт
1%-ийн тухай хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл урган гарсан бэ? ТББ-уудын зүгээс ямар өөрчлөлтийг санал болгосон бэ?

1999 онд “ Ашгийн төлөө бус мэдээлэл сургалтын төв” ТББ-аас дээрх хуулийн хэрэгжилт болон түүнийг боловсронгуй болгохтой холбогдсон асуудлаар ТББ-уудын дунд судалгаа хийсэн. Татвар төлөгчдийн зүгээс аль нэг байгууллагад оноогоогүй буюу “ашиглалтгүй үлдсэн” 1%-ийн хөрөнгөнөөс авахыг олон байгууллага хүсч байсан(6) ба судалгаанд хамрагдагсдын 57% нь хуулинд өөрчлөлт оруулах замаар “хандивлагч” нь хэн байсныг мэдэх сонирхолтой байв.(7)

Өнгөрсөн долоон жилд ТББ-уудын зүгээс Унгарын 1%-ийн механизмд дараах өөрчлөлтүүдийг оруулахын төлөө лобби ажиллагаа явуулсаар ирсэн. Үүнд:

Мэдээллийг хамгаалах. 1%-ийн мөнгийг ТББ-уудад хуваарилах талаар маягт бөглөх, тэдгээрийг боловсруулахтай холбогдсон үйл ажиллагаа хэтэрхий удаан нүсэр байгаа нь татвар төлөгчийн шашин шүтлэгийн талаарх мэдээллийг нууцлах шаардлагатай байдагтай холбоотой. ТББ-ууд энэ бэрхшээлийн талаар олонтаа ярилцаж, иргэний нийгмийн байгууллагууд болон сүм хийдэд мөнгө өгөх процедурыг ялгаатай болгохыг хүсдэг. Гэвч одоо мөрдөж буй хязгаарлалтуудыг багасгах асуудалд амжилт олоогүй нь Мэдээллийн нууцлалын асуудал эрхэлсэн омбуцманы зүгээс эсэргүүцэлтэй тулгардагтай холбоотой.

Гэрчилгээ. Татварын орлогоос хүртэгч байгууллага нь улсад өргүйг баталгаажуулсан гэрчилгээ авах ёстой нь ТББ-ууд болон гааль, орон нутгийн захиргаа, нийгмийн хамгаалал зэрэг холбогдох байгууллагуудын ажилд хүндрэл учруулдаг. Эдгээр бэрхшээлийн талаар сэтгүүлчид асуудал дэвшүүлсэн материал нийтлүүлсэн нь тодорхой амжилтанд хүрч, холбогдох дүрэм журмыг хялбаршуулахад чиглэсэн өөрчлөлтийг хоёр удаа хийсэн.(8)

Процедур. 1%-ийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдсон гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэх бөгөөд аль нэг байгууллагад мөнгөө өгөхөөр мэдүүлснийг нь хүчингүйд тооцсон бол шалтгааныг нь татвар төлөгчид мэдэгдэх журамтай болсон. Мөн ТББ-ууд захиргааны аливаа шийдвэрийг шүүхэд давж заалдах эрхтэй.

Байгууллагуудад тавьдаг шаардлага. Татвар төлөгчийн орлогын татварын 1%-тай тэнцэх мөнгийг авахын тулд наанадаж 3 жилийн өмнө тухайн байгууллага бүртгэгдсэн байх ёстой гэсэн дүрмийг олон хүн шүүмжилдэг. Дээрх болзлыг зөөлрүүлэх тухай асуудал Хүүхдийн хорт хавдрын сантай холбоотойгоор хурцаар тавигдах болсон.(9)

2-3% ТББ-уудын зүгээс татварын орлогын хувийг нэмэгдүүлэх талаар олонтаа шаардаж байсан ч өнгөрсөн жилүүдэд ажилласан гурван засгийн газрын аль нь ч энэ санааг дэмжээгүй.

“Ашиглагдаагүй” 1%. Татвар төлөгчид аль байгууллагад өгөхөө зааж өгөөгүй 1%, мөн хүчин төгөлдөр биш гэж тооцсон шилжүүлэг, эсвэл хүртэгч нь авахаас татгалзсан мөнгөн хөрөнгийг хүртэх эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагууд тэмцсээр ирсэн. Сүм хийдүүд энэ эрхийг аль хэдийн олж авсан.(10) Дээр дурьдсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх үүднээс өмнөх засгийн газар энэхүү мөнгөн хөрөнгийг Унгарын парламентын ТББ-ын асуудал хариуцсан хороонд шилжүүлж хуваарилуулахаар болсон. 1997-2003 оны хооронд “ашиглагдаагүй” 1%-ийн сэдвээр хэвлэлд олонтаа бичигдсэний хажуугаар энэ асуудлыг хэд хэдэн улс төрчид хөндсөн ч амжилт олж чадаагүй. Эцэст нь Үндэсний иргэний сан байгуулах болсноор тодорхой шийдэлд хүрсэн.

“Ашиглагдаагүй” 1% ба Үндэсний иргэний сан

2002 оны 4 дүгээр сард байгуулагдсан Социалист-Либерал намуудын засгийн газар нь сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэх зорилгоор “иргэний стратеги”- г боловсруулсан. Энэхүү баримт бичгийг 2002 оны зун нийтлүүлсэн бөгөөд үүнд ТББ-уудын зохицуулалтанд холбогдох хэд хэдэн арга хэмжээг өөрчлөх асуудал тусгагдсан. Мөн санхүүгийн дэмжлэгийн шинэ эх үүсвэрийг тодорхойлж, түншлэлийн харилцааг бий болгох саналыг дэвшүүлсэн. Засгийн газраас ТББ-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй Их Британийн “Компакт”-тай төстэй гэрээ байгуулахаар тус стратегид дурьдсан. Хамгийн гол нь дээрх баримт бичигт Үндэсний иргэний сан (NCA) хэмээх төрийн төвлөрсөн сан байгуулах төлөвлөгөө багтсан.(11)

Үндэсний иргэний сангийн тухай баримт бичигт дараах үзэл баримтлалыг тусгасан:

  • ТББ-уудын захиргааны зардлыг санхүүжүүлэх механизмын хэрэгцээ шаардлага
  • Сүм хийдүүдийн нэгэн адилаар “ашиглагдаагүй” 1%-ийн хөрөнгийг ТББ-уудад олгох асуудал
  • Иргэний сангаас өгөх тэтгэлгийг ТББ-уудын төлөөлөгчид олонхийг нь бүрдүүлэх засгийн газраас байгуулсан шийдвэр гаргах байгууллага хуваарилах.

“Ашиглагдаагүй” 1%-ийн хөрөнгийг Сангийн асуудалтай холбосон нь 1996 оноос хойш ТББ-уудын тавьж буй шаардлагыг биелүүлж буйн илрэл юм. Гэвч засгийн газрын зүгээс гэрээнд гарын үсэг зурж, Сангийн үйл ажилллагаанд оролцох төлөөлөгчдийг томилох эрхтэй ТББ-уудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн байгууллагыг бий болгохыг шаардаж байсан. Төлөөллийн болон эрх зүйн асуудлуудаар түр хороо байгуулах асуудалд анхаарлаа хандуулахыг төрийн нарийн бичгийн дарга ТББ-уудаас хүссэн. Мөн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй ТББ-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 6 сарын дотор томилохыг засгийн газар шаардсан.

Засгийн газрын энэхүү шахалт нь ТББ-уудыг хүнд байдалд оруулж, лобби үйл ажиллагааг идэвхжүүлэхийг шаардсан нь ихээхэн бэрхшээл авчирсан. Төлөөллийн байгууллагыг бий болгох, мөн санд хуримтлагдсан их хэмжээний мөнгийг хуваарилах зэрэг олон чухал асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх хэрэгтэй болсон. 2002 оны зун засгийн газраас тавьсан шаардлагын дагуу дараах алхмуудыг хийх ёстой байлаа. Үүнд:

  1. Үндэсний ТББ-уудын төлөөллийн байгууллагыг бий болгох
  2. Иргэний стратегийн асуудлаар ТББ-уудын төлөөлөгч засгийн газартай гэрээ байгуулах
  3. Үндэсний иргэний сангийн талаар ТББ-уудын төлөөллийн байгууллага зөвшилцлийн ажил явуулах.
  4. ТББ-уудын төлөөллийн байгууллага нь Үндэсний сангийн зөвлөл болон бүс нутгийн коллегийн гишүүдийг сонгох.

ТББ-ын янз бүрийн бүлгүүд Ерөнхий сайдын ажлын албаны ТББ-тай харьцах хэлтэстэй 2002 оны зунаас 2003 оны 8 дугаар сар хүртэл зөвшилцөж эхэлсэн. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаагаа Унгарын засгийн газар ТББ-уудад илүү бололцоо бүрдүүлэхэд өргөн хүрээтэй стратегийг батлахад бэлэн болсон байв. Мөн санал болгож буй санг ТББ-уудын голлох төлөөлөгчидтэй зөвшилцөх замаар байгуулах нь цорын ганц оновчтой шийдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Засгийн газар эхлээд өөрсдөө сонгож санхүүжүүлдэг ТББ-уудын бүлэгтэй л зөвшилцөх сонирхолтой байсан боловч эсэргүүцэлтэй тулгарсны эцэст энэ саналаас татгалзсан. Хууль батлагдах бүхий л үе шатанд хуулийн төслийг олон нийтийн сонорт хүргэж байсан бөгөөд олон асуудлаар засгийн газрын төлөөлөгчид болон шинжээчид маргалдаж байлаа.

Хуулийн төслийг Ерөнхий сайдын ажлын албаны ТББ-уудтай харьцах хэлтэс боловсруулсан.(12) Хуулийн төслийг боловсруулах үйл явцын талаарх мэдээллийг олон шугамаар нийтэд хүргэж байсан. Тухайн хэлтэс болон өөр хэд хэдэн байгууллага хуулийн төслийн хувилбаруудыг олон нийтэд тараах ажлыг хариуцсан. Дээрх хэлтсээс мэдээлснээр 100 гаруй байгууллагын төлөөлөгчид төсөлтэй холбогдсон саналаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлсэн байна.

ТББ-уудын хувьд нэгдмэл байр суурьтай болж чадаагүй ч ихэнх нь засгийн газрын санаачлагыг дэмжсэн. Хуулийн этгээд биш албан бус ТББ-уудын зарим бүлэг өөрийн ашиг сонирхлыг янз бүрийн аргаар лоббидож байсан. Зарим бүлэг нь холбогдох мэдээллийг вэб хуудсандаа тавьж, зарим бүлгийн гишүүд нь бусад бүлгүүдээс явуулсан үйл ажиллагаанд оролцсон. Гэсэн ч эдгээр бүлгүүдийн дунд бодитой хамтын ажиллагаа бий болж чадаагүй ба бүлэг тус бүр засгийн газрын албан тушаалтнууд болон парламентын гишүүдтэй ганцаарчлан уулзан зөвлөлдөж байлаа. Улс төрийн хоёр гол хүчний хоорондын харилцаа нэлээн муу байсны улмаас сөрөг хүчний намуудтай хамтран ажиллах боломжгүй байв. Иймээс лобби үйл ажиллагаа нь эрх баригч хоёр намын, нэн ялангуяа эвслийн олонх болсон Социалист намын шинжээчдэд чиглэж байлаа.

Мэтгэлцээн

Дараах асуудлаар гол төлөв мэтгэлцэж байв:

  • Одоо мөрдөж буй 1%-ийн тогтолцоог Үндэсний иргэний сантай хэрхэн холбох вэ?
  • ТББ-уудын төлөөллийн байгууллагыг хэзээ, яаж байгуулах вэ?
  • Үндэсний сангийн шийдвэр гаргах байгууллагад ТББ-уудын төлөөлөгчдийг сонгох механизмыг хэрхэн бүрдүүлэх вэ?
  • Үндэсний сангийн дэмжлэгийг аль ТББ-ын ямар үйл ажиллагаанд олгох вэ?

1. “Ашиглагдаагүй үлдсэн” 1%-ийн хөрөнгийг автоматаар Үндэсний иргэний санд шилжүүлэх саналыг ТББ-ууд ерөнхийдөө бүгд дэмжиж байсан ч энэ нь 1%-ийн механизм дахь татвар төлөгчдийн оролцоог бууруулна гэж олон хүн эмээж байлаа.(13) Гэсэн ч энэхүү бэрхшээлтэй асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар ТББ-уудын төлөөлөгчид тодорхой санал гаргаж чадаагүй. Эцэст нь дээрх асуудлыг төрийн нарийн бичгийн дарга Габор Хорний (эвслийн цөөнх болох Чөлөөт ардчилагчдын холбооны гишүүн) саналаар шийдсэн. Тэрээр татвар төлөгчдийн өгсөн 1%-ийн санхүүжилттай тэнцэх хэмжээний мөнгийг төрийн зүгээс үндэсний санд төвлөрүүлэхийг санал болгосон.(14) Өөрөөр хэлбэл 1%-ийн механизмаар бүрдсэн хөрөнгийн хэмжээтэй адил мөнгийг төрөөс Үндэсний санд шилжүүлэхээр болсон. Ингэснээр ТББ-уудын хүртэх боломжтой нийт мөнгөний хэмжээ Хүн амын орлогын албан татварын 2%-тай тэнцэнэ гэсэн үг. Ер нь Унгарын 4.5 сая татвар төлөгчид 1%-ийн механизмыг бүгд ашиглана гэж найдах боломжгүй тул энэ аргыг тохиромжтойд тооцсон байна.(15)

2. ТББ-уудын төлөөллийн байгууллагуудыг бий болгох талаар хэд хэдэн оролдлого хийсэн. Үүнийг байгуулахад ихээхэн цаг зарцуулж, өргөн хүрээтэй зөвшилцөл хийх шаардлагатай гэдгийг ТББ-уудын туршлагатай лидерүүдийн олонх нь ойлгож байв. Иймээс “Иргэний хамтын ажиллагааны хөтөлбөр”(16) байгууллагаас бусад лобби бүлгүүд төлөөллийн байгууллагыг яаралтай бий болгох саналыг эсэргүүцсэн.(17) ТББ-уудын төлөөллийн байгууллагыг сонгох болон сангийн хөрөнгийг хуваарилах асуудлыг хооронд нь холбохгүй байхыг хэд хэдэн шинжээч анхааруулсан. Үүний хажуугаар зарим бүлэг буюу тэдгээрийн гишүүд өөрсдийгөө иргэний нийгмийг аль хэдийн төлөөлж буй гэж үзэн төлөөллийн байгууллага үүсгэх асуудлыг хүчтэй эсэргүүцсэн. Төлөөллийн жинхэнэ байгууллагыг ийм богино хугацаанд бий болгох боломжгүй гэдгийг засгийн газар ухамсарлаж, улмаар энэ саналыг хүчингүй болгосон. Оронд нь зөвхөн Үндэсний сангийн асуудлаар л тухайн үед нь төлөөлөгчийг сонгохыг засгийн газар санал болгосныг нь ТББ-ууд дэмжсэн.

3. Үндэсний сангийн Зөвлөл болон коллегид төлөөлөгч сонгох асуудлаар олон бүлэг лобби явуулсан. Тэд бүгд өөрийн төлөөлөгчийг Үндэсний сангийн удирдах байгууллагад сонгуулахыг хүсч байв. “Эрнио (дээвэр) бүлэг” хэмээх байгууллага өөрийн гишүүнийг сангийн удирдах зөвлөлд сонгуулахаар яаравчлан ажилласан.(18) Гэвч “Ногоон бүлэг”(19) тэргүүтэй зарим байгууллага гарын үсэг цуглуулах зэрэг янз бүрийн лобби аргыг ашиглан удирдах зөвлөлд зөвхөн тодорхой салбарын ТББ-уудын төлөөлөл байхаар шийдвэр гаргуулж чадсан. Ингэснээр эрүүл мэнд, боловсрол ба цөөнхийн асуудал, байгаль орчин, залуучууд, хүний эрх ба бусад гэсэн 5 бүлгийн төлөөллийг сонгохоор болсон.(20)

4. Үндэсний иргэний сангаас санхүүжилт авахын тулд хангах ёстой шалгуур үзүүлэлтүүдийг өнөөг хүртэл боловсруулж дуусаагүй байна. Зөвшилцөх үйл явцын хүрээнд бүлэг бүр бусдынхаа амжилт ололтыг хүлээн зөвшөөрч, шаардлагагүй өрсөлдөөнөөс зайлсхийхийг хичээж байв. Сангаас санхүүжилт авах эрхтэй байгууллагуудыг хоёр ангилалд хуваасан нь гишүүдийнх нь ихэнх нь нийгэмд үйлчлэх статусгүй Эрнио бүлгийн нөлөөг багасгасан. Энэхүү сангийн хөрөнгийн 60%-ийг 1-дээш жил үйл ажиллагаа явуулж буй сан холбоод, нийгэмлэгүүд зэрэг ТББ-уудын захиргааны зардлыг санхүүжүүлэхэд олгож, 30%-ийг нь зөвхөн нийгэмд үйлчлэх статустай байгууллагуудын тодорхой төслүүдийг дэмжихэд зарцуулахаар болсон.

Үндэсний иргэний сангийн удирдах байгууллагыг сонгох журмыг 2003-2004 оны өвөл үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн. Гишүүдийн ихэнх нь ТББ-уудын төлөөлөгч байх сангийн зөвлөл болон орон нутгийн коллегиуд нь ямар үйл ажиллагаанд санхүүжилт өгөх зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой байх ёстой гэж үзсэн. Мөн аль байгууллагад тухайн тэтгэлэгийг өгөхийг тэд шийдэх эрхтэй байна гэж заасан. Зөвшилцлөлийн үйл явц эрчимжихийн хэрээр шинэ лобби бүлгүүд үүсэх магадлалтай. Энэхүү үйл явц нь Унгарын ТББ-уудын хоорондоо хамтран ажиллах болон өргөн хүрээтэй ашиг сонирхлыг төлөөлөх чадварыг сорих нь дамжиггүй.

Цаашдын чиг хандлага
Үндэсний иргэний санг бий болгох нь Унгарын ТББ-уудын хувьд томоохон өөрчлөлтийг авчирна. ТББ-уудын захиргааны зардалд зориулж урьд өмнө нь ийм их санхүүжилт хийгдэж байгаагүй. Энэхүү сан нь ТББ-уудын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг ролийг бэхжүүлэхийн зэрэгцээ ил тод байдал, засгийн газартай түншлэх, улс төрөөс ангид байх зэрэг ТББ-уудын үндсэн зарчмуудыг бодитой хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлнэ. Эдгээр зорилт нь зөвшилцлийн үйл явцад ТББ-уудын тавьсан олон шаардлагыг хангахад тус дөхөм болно. Гэсэн ч дээрх зорилтууд хэр үр дүнтэй хэрэгжихийг одоо таамаглахад эрт байна.

Үндэсний иргэний сангийн удирдах зөвлөлийн шийдвэрүүд нь санг удирдах үүрэг бүхий сайдад зориулсан зөвлөмж хэлбэрээр гарах боловч төсвийн хөрөнгийн хуваарилалтанд ТББ-ууд оролцож эхлэх шинэ бололцоог бүрдүүлж байгаагаараа онцлог юм.(21) Гишүүдийн олонх нь ТББ-уудын төлөөлөгчид байх Үндэсний сангийн удирдах зөвлөлөөс гаргасан санхүүжилтийн асуудлаарх шийдвэрүүд нь ТББ-уудын дунд маргаан үүсгэж болзошгүй. Төсвийн хөрөнгийг хуваарилах цоо шинэ зарчмыг нэвтрүүлсэн, их хэмжээний санхүүгийн эрх ашгийг хөндсөн энэхүү арга механизмд явцын дунд өөрчлөлтүүд орох нь гарцаагүй.

Үндэсний сан болон 1%-ийн тухай хуулийг хооронд нь холбосон нь ТББ-уудын үйл ажиллагаанд олон нийтийн дэмжлэгийг бүрдүүлэх 1%-ийн санаачлагыг улам бүр гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн 7 жилд хийгдсэн өөрчлөлтүүдээс харахад 1%-ийн механизмийг цаашид боловсронгуй болгох нь дамжиггүй. Унгарын ТББ-ууд сүм хийдийн хүчтэй лобби үйл ажиллагааг ажиглаж санаа авдаг.(22) Словак, Литва зэрэг орнуудын загвар нь Унгарын 1%-ийн системд нөлөө үзүүлээгүй боловч цаашдаа бусад орнууд илүү амжилттай санаачлага гаргавал эдгээрийг Унгарын хууль тогтоомжинд ч мөн тусгах боломжтой. Энэхүү механизмыг өөрчлөхдөө юуны өмнө татварын байгууллагууд болон санхүүжилт авагч ТББ-уудад ногдож буй захиргааны ачаалал, ТББ-ууд болон татвар төлөгчдийн хооронд (нэр хаягийг нь нууцалдаг учраас) шууд харилцаа үүсээгүй байдал, мөнгийг хэрхэн зарцуулсан талаар татвар төлөгчдөд өгч буй мэдээлэл дутмаг, татварын тогтолцоонд гарах өөрчлөлтүүд зэрэгт гол анхаарлыг хандуулах болов уу.

Энэхүү илтгэлд дурьдсан алхмууд нь эрх ашгийнхаа төлөө тэмцэх ТББ-уудын чадавхи хангалтгүйг харуулсан тул цаашид илүү үр дүнтэй лобби ажиллагаа явуулах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал хандив өгөх явдлыг дэмжсэн татварын урамшууллыг нэмэгдүүлэх, лобби үйл ажиллагааны хуультай болох, сайн дурынхны хөдөлгөөнийг өргөжүүлэх зэрэг асуудалд анхаарах нь зүйтэй. 1%-ийн тухай хуулийг баталсан үйл явцыг Үндэсний иргэний сан байгуулж буй үйл явцтай харьцуулбал иргэний нийгэмд нөлөө үзүүлэхүйц хууль тогтоомжийг өргөн хүрээтэй зөвшилцсний үндсэн дээр батлах хэрэгтэй нь тодорхой байна. ТББ-уудын хүрсэн амжилтын ихэнх нь засгийн газрын дэмжлэгээс хэт хамааралтай байна. Лобби хийх, ТББ-уудын эрх ашгийг төлөөлөх зэрэг нь ялангуяа ТББ-ын хувьд ихээхэн цаг хугацаа, зардал шаардсан үйл ажиллагаа юм. Үндэсний сан байгуулах үйл явц нь ТББ-уудын хувьд салбараа төлөөлөх байгууллагын талаар санал нэгдэж чадахгүй байгааг нь харуулсан бөгөөд ТББ-ууд болон засгийн газартай харилцаж чадахуйц байгууллага одоогоор бий болоогүй нь энэ асуудал ирээдүйд ч хүндрэлтэй хэвээр байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Иймээс энэ байгууллагыг Унгарт бий болгох цаг нь болжээ.


  1. Үндэсний иргэний сан нь татвар төлөгчдийн төлсөн татварын 1%-тай тэнцэхүйц хөрөнгийг ТББ-уудад жил бүр хуваарилах ажлыг хариуцсан шинээр байгуулагдсан төрийн төвлөрсөн сан болно. Сангийн үндсэн зорилт нь ТББ-ууд, сан, холбоодын захиргааны зардлыг болон салбарын хөгжлийн асуудлаарх зарим төслийг санхүүжүүлэхэд оршино. Сангийн удирдах байгууллага болох Зөвлөл болон Бүсийн коллегийн гишүүдийн олонх нь ТББ-ууд а ас сонгогдсон төлөөлөгчид болно.
  2. Жишээлбэл 2003 оны 9 дүгээр сарын Унгарын татварын ерөнхий газрын мэдээнд нийт 21843 иргэний нийгмийн байгууллагад 1%-ийн хуулийн дагуу 6.1 тэрбум форинтыг (23.5 сая евро) олгосон гэж дурьджээ. Ихэнх байгууллага (9393) нь 100 мянгаас 1 сая форинтын санхүүжилт авсан бол 548 байгууллагад 1000 хүрэхгүй форинт ногджээ. Хамгийн их санхүүжилт авсан байгууллагуудын хувьд гэвэл 734 байгууллага 1-5 сая форинт, 80 байгууллага 5-15 сая форинт, 18 байгууллага 20 саяас дээш форинт авчээ. Хамгийн их санхүүжилт авсан байгууллагад 151 сая (500 мянган евро) форинт ногджээ.
  3. Төрийн хуулийн сангууд нь засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн сангийн зарцуулалтыг хариуцдаг төв буюу орон нутгийн захиргааны санхүүжилттэй байгууллагууд болно.
  4. Төрийн бус байгууллагын асуудлаарх орон тооны бус парламентын хороо байдаг ч зөвхөн тодорхой асуудлаар л хуралддаг байв.
  5. Унгарын энэ системийг “1+1%” гэж нэрийддэг.
  6. Өөрөөр хэлбэл орлогын татварын 1%-тай тэнцэх мөнгийг аль нэг байгууллагыг нэр заагаагүй тохиолдолд ч ТББ-уудад олгох нь зүйтэй гэж олон хүн үздэг.
  7. Унгарын олон байгууллага 1%-ийн мөнгийг “хандив” гэж үздэг тул хандивлагчдынхаа нэр хаягийг мэдээгүй тохиолдолд хөрөнгө босгох ажлыг үр дүнтэй явуулахад бэрхшээлтэй гэж тайлбарладаг.
  8. Одоо байгууллагууд өргүй гэдгээ албан ёсоор мэдэгдэхэд хангалттай болсон ба шаардлагатай гэрчилгээний тоог Будапештад 6 байсныг 2, Будапештаас бусад газарт 1 болгож цөөрүүлсэн.
  9. 1%-ийн татварын орлогоос хамгийн их мөнгө хүртсэн нь дээрх байгууллага юм. Байгуулагдсан анхны жилдээ л Хүүхдийн хорт хавдрын сан энэхүү дэмжлэгийг авч эхэлсэн. Энэ байгууллагатай холбоотойгоор цаг хугацааны хязгаарлалтанд зарим өөрчлөлтийг хийсэн байна.
  10. Хуваарилагдаагүй 1%-ийн хөрөнгийн үлэмж хэсгийг сүм хийдүүд авдаг болсон.
  11. NCA гэдэг нь тус сангийн Унгар нэрийн товчлол юм. Nemzeti Civil Alap.
  12. Тус хэлтсийн дарга болох төрийн албан хаагч нь ТББ-уудын асуудлаар нэлээд мэргэшсэн хүн байсан бөгөөд Унгарын нэгэн томоохон ТББ-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг.
  13. Татвар төлөгчид мөнгөө аль байгууллагад шилжүүлэхийг шийдэхээс үл хамааран төрөөс тогтсон хэмжээний мөнгийг ТББ-уудад олгохоор болвол 1%-ийн механизмыг дэмжих иргэдийн сонирхол буурах магадлалтай гэж үзсэн. Төрийн үүрэг роль нэмэгдэхийн хэрээр 1%-ийн механизмын гол элемент болох олон нийтийн оролцоо буурах аюултай.
  14. Энэ нь “хувь тэнцүүлэх сан”- гийн үзэл баримтлалтай ойролцоо гэж ТББ-ууд үзсэн. Гэвч аль нэг ТББ-д татвар төлөгчдийн 1%-ийн механизмаар дамжуулан өгсөн дэмжлэг болон Үндэсний сангаас авах хөрөнгийн хэмжээний хооронд ямарваа уялдаа холбоо байгаагүй.
  15. Унгарын татварын байгууллагын мэдээлснээр 2003 онд 1%-ийн мөнгөө татвар төлөгчдийн зөвхөн 1/3 буюу 1.4 сая хүн аль байгууллагад өгөхөө шийдсэн байна. 1%-ийн механизмыг Үндэсний сан байгуулах асуудалтай холбох нь ТББ-уудын эрх ашигт нийцнэ гэж үзсэн.
  16. Иргэний хамтын ажиллагааны хөтөлбөр байгууллага нь засгийн газар-ТББ-уудын зөвшилцлийн үйл явцад голлох үүрэг гүйцэтгэх сонирхолтой байв. Мөн хууль тогтоогчдод өргөн барих төслүүдийг хянах асуудлыг дангаараа хариуцахыг хүсч байсан.
  17. Жишээлбэл Бие даасан хандивлагчдын форум байгууллагаас ТББ-уудын төлөөлөгчийг яаравчлан сонгуулах талаар тавьсан шахалтыг эсэргүүцсэн. Хандивлагч байгууллагуудыг дэмжсэн Үндэсний сангийн ил тод мэргэжлийн бүтцийг бий болгохыг эрмэлзэж санг байгуулах асуудлыг ил тод байлгахыг хүсч байв.
  18. Эрнио бүлгийн зорилго нь ТББ-уудыг бүхэлд нь төлөөлж нэр хүнд нөлөөг нь сулруулах магадлалтай үндэсний хэмжээний төлөөллийн шинэ байгууллага үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршиж байлаа.
  19. Ногоон бүлгийн лобби хийгчид бусад бүлгүүдийн ажилд оролцохын хажуугаар бие даасан ажиллагааг ч мөн хийж байв. Тэд Үндэсний санд байгаль орчны байгууллагуудын үүрэг ролийг нэмэгдүүлж, санг ил тод, мэргэжлийн үйл ажиллагаатай болгож, удирдах зөвлөлд нь төлөөллөө оруулах сонирхолтой байв. Бусад ТББ-уудын хувьд жил бүр хуралдаж сонгууль явуулах замаар сангийн удирдлагад орох төлөөлөгчийг тодруулахыг санал болгосон.
  20. Бие даасан хандивлагчдын форумын гишүүн Ашгийн төлөө бус мэдээлэл сургалтын төвөөс Үндэсний сангийн асуудлаар нэг удаа бага хурал зохион байгуулсан. Эрниогоос бусад бүх лобби бүлэг тус хуралд оролцсоноос гадна парламентын гишүүд, яамдын ТББ-ын асуудал эрхэлсэн газрын төлөөлөгчид, Ерөнхий сайдын ажлын албаны ажилтнууд мөн байлцсан. Парламентад өргөн барих гэж буй хуулийн төсөлд тусгагдсан 100 гаруй асуудлыг оролцогчдод танилцуулж хэрэгжүүлсэн. Харилцан адилгүй олон санал бодол яригдсан ч нэг зүйл дээр санал нэгдсэн. Энэ нь Үндэсний сангийн удирдах зөвлөлд янз бүрийн мэргэжлийн салбарын төлөөлөл байх ёстой ба сангийн үйл ажиллагааны журмын талаар ТББ-ууд зөвлөлдөх ёстой гэсэн үзэл бодол байлаа.
  21. Тэгш бололцооны асуудал эрхэлсэн сайд Үндэсний санг хариуцаж ажиллана.
  22. 2003 оны 9 дүгээр сард сүм хийдэд зориулсан 1%-ийн хуваарилалтын журмыг хялбаршуулахаар болсон. Үүнээс нэг долоо хоногийн дараа Мэдээлэл сургалтын төвийн шаардлагын хариуд Унгарын татварын газрын дэд дарга ТББ-уудад холбогдох журмыг ч мөн хөнгөвчлөх болсон тухай зарласан.
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.