Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

Словак улс

1%-ийн татварын орлогыг ТББ-уудад олгох тухай хуулийг батлуулахаар Словакт явуулсан нөлөөллийн ажил

Арпад Лоринц, Хелена Волекова

1%-ийн татварын орлогыг ТББ-уудад олгох системийг Словакийн татварын хуульд тусгуулахын төлөө 1998-2002 онуудад ажилласан парламентад нөлөөлөх ажлыг бүхий л дөрвөн жилийн туршид явуулсан. Нөлөөллийн энэхүү ажил нь хэд хэдэн үе шатыг дамжсан. Энэ хугацаанд эрх зүйн орчин нөхцөлд тодорхой өөрчлөлтүүд гарсны хажуугаар дээрх асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тэмцсэн иргэний нийгмийн байгууллагуудын бүтцэд ч мөн өөрчлөлтүүд гарсан. Гэсэн ч энэхүү үйл явц дуусаагүй бөгөөд дээрх үзэл санааг улс төрчдийн зүгээс шийдвэр гарган хялбархан өөрчлөх боломжгүй хэмжээнд хүргэн хэрэгжүүлж, Словакийн эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болгохын тулд төрийн бус байгууллагуудын зүгээс улам их цаг зав, хүчин чармайлт шаардлагатай байгаа талаар тус илтгэлд өгүүлнэ.

“1%”-ийн асуудлыг татварын хуулийн бүрэлдэхүүн хэсэг болгосон нь

1%-ийн асуудлаарх анхны олон нийтийн хэлэлцүүлгийг Гремиум(1) байгууллагаас бий болгосон хуульчдын бүлэг 1998 оны 4 дүгээр сард Братислав хотод зохион байгуулсан. Тус семинарт Унгар улсын Сангийн яам, Хууль зүйн яам, Ашгийн төлөө бус Мэдээлэл, Сургалтын төв(2) гэдэг Унгарын ТББ-ын төлөөлөгчид оролцож, Унгарын татварын хууль тогтоомжийн талаар танилцуулга хийсэн.

1998 оны парламентын сонгуулиас өмнө “ТББ-уудын шаардлагууд” хэмээх баримт бичгийг Гремиум байгууллагаас улс төрийн намуудад 9 дүгээр сард танилцуулсан. Энэхүү баримт бичигт дурьдагдсан саналуудын нэг нь:

“Олон нийтийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаанд хандив өргөхөд нь иргэд болон бизнес эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг төрийн бус байгууллагуудын зүгээс санал болгож байна. Бид дараах шаардлагыг тавьж байна:

• Хандив өгөх тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх эрхийг иргэдэд олгох

• ТББ-уудад урт хугацааны дэмжлэг үзүүлсэн нөхцөлд хуулийн этгээдэд үзүүлж буй татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх (татвар ногдуулах орлогоос хандивын хэмжээг хасч тооцох)

• Олсон орлогоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор чөлөөтэй ашиглах бололцоог ТББ-уудад олгох үүднээс ТББ-ын татварын хуулинд өөрчлөлт оруулах.”

Сонгуульд оролцсон улс төрийн намуудын нэг нь(3) төрийн бус байгууллагуудад бодитой дэмжлэг үзүүлэх талаар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тухайлбал: “Татвар төлөгч иргэд төлсөн татварынхаа 1%-ийг аль нэг сан, иргэдийн эвсэл холбоо буюу ТББ-д өгөхийг шийдэх эрхтэй байхаар хуульчилна.” гэж заасан.

1998 оны 12 дугаар сард парламентын сонгууль явагдсаны дараа Гремиум байгууллагаас ТББ-уудад хамаарах хууль тогтоомжийг боловсруулахад хамтран ажиллахыг Сангийн яаманд санал болгосон. Гэвч Сангийн яам хариу өгөөгүй.

Гремиумын гишүүд Ерөнхий сайд Микулас Дзуриндатай(4) 1999 оны 8 дугаар сард хэлцэл хийх үеэр нөлөөллийн ажилд ухралт гарсан. Уулзалтын үеэр 1%-ийн асуудлыг Орлогын албан татварын хуулинд өөрчлөлт оруулах замаар тусгуулах хүсэлтийг Гремиум тавьсан. Энэхүү санаачлагыг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд амлаад энэ асуудлыг шийдвэрлэхийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогчид даалгасан.

Энэ үед Орлогын албан татварын тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Сангийн яам бэлтгэж дуусаад байсан тул 1%-ийн асуудлыг хуулинд тусгах цаг хугацааны бололцоо бүрдээгүй. 1%-ийн асуудлын үндсэн зорилгыг засгийн газрын хуульчид ойлгож байсан хэдий ч хуулийн төсөлд тусгасан санаа нь анхны үзэл баримтлалаас үлэмж ялгаатай байсан. 1%-ийн асуудлаар парламентын гишүүдэд мэдээлэл өгөх буюу олон нийтийн дунд өргөн хүрээтэй кампанит ажил явуулах цаг байгаагүй тул Гремиумын зүгээс парламент дахь улс төрийн бүлгүүдийн ахлагч нартай уулзаж, нөлөөлөл үзүүлэхийг хичээсэн. 1%-ийн системийг нэвтрүүлэх үндэслэл нь татвар төлөгч төлсөн татварынхаа тодорхой хэсгийг юунд зарцуулахыг шийдэх эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаанд тулгуурлаж байсан. Энэхүү зарчим нь төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зорилгоор төлөвлөсөн үйл ажиллагаатай уялдаж байлаа.(5) Унгарын туршлагад тулгуурлан Гремиум тооцоо хийсэн бөгөөд үүнээс үзэхэд 1%-ийн системийг Словакт хэрэгжүүлбэл улсын төсвийн 100 сая крон (2.5 сая евро) буюу орлогын татварын 1%-тай тэнцэхүйц хөрөнгийн дээд хэмжээ болох 300 сая кроны ( 7,5 сая евро ) 1/3-д нь нөлөөлөхүйц байв.

Эцэст нь тус хууль засгийн газраас боловсруулсны дагуу батлагдсан. Уг хуулинд тусгасан 1%-ийн механизмыг ТББ-ууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан нь дараах учир шалтгаантай:

• Улсын төсвийн мөнгийг хүлээж авах эрхтэй байгууллагуудын хүрээ хэтэрхий өргөн, зөвхөн ТББ-уудад бус

• Олон нийтийн эрх ашигт чиглэсэн үйл ажиллагаануудын дотор спортын арга хэмжээний зардлыг багтаасан бөгөөд мэргэжлийн болон сонирхогчийн спортын хооронд тодорхой зааг тавиагүй

• Хууль хоёр жилийн дараа буюу 2002 оноос хүчин төгөлдөр болохоор заасан.

Иймээс 1999 оны Орлогын албан татварын хуулинд 1%-ийн асуудлыг тусгасны дараа явуулсан нөлөөллийн үйл ажиллагаа нь дээр дурьдсан заалтуудыг өөрчлөхөд чиглэж байв.

2000-2002 онд явуулсан нөлөөллийн үйл ажиллагаа: 1%-ийн механизмд нэмэлт өөрчлөлт оруулах нь

2000 оны 1-р сарын 1-ний байдлаар Орлогын албан татварын хуулинд 1%-ийн механизмыг тусгасан нь олзуурхууштай зүйл байсан боловч нөлөөллийн үйл ажиллагаа үүгээр дуусаагүй. Хэлэлцээр хийх ажлыг хариуцсан жижиг бүлэг болон ТББ-ын асуудлаарх шинжээчдийн зүгээс нөлөөллийн гол ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинээр нэвтрүүлсэн 1%-ийн механизмыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай талаар яамны холбогдох албан тушаалтнуудад ойлгуулахыг эрмэлзсэн.

Сангийн сайд 1%-ийн ситемийг хэрхэн өөрчлөх талаар хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулахыг ТББ-уудаас хүссэн. Хуулинд өөрчлөлт оруулах болон ТББ-уудын дунд хэлэлцүүлэг явуулах үүргийг Словакийн Ашгийн төлөө бус үйлчилгээний анхны төв (1.САҮТ(6)) хэмээх байгууллагад даалгасан. Тус төвийн гишүүд нь Гремиумаас байгуулсан хуульчдын бүлэгт мөн багтаж байсан. Нээлттэй нийгэм сангийн дэмжлэгтэйгээр энэ асуудлаар ажиллах шинжээчдийн багийг бүрдүүлж чадсан. Дээрхи шинжээчид нь ТББ-уудын оролцоотойгоор 1%-ийн механизмын асуудлаар хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг төлөвлөсөн. ТББ-уудыг оролцуулан хэд хэдэн уулзалт зохиож, 1%-ийн механизмын үндсэн хэсгүүдийг тодорхойлсон бөгөөд тухайлбал төсвийн санхүүжилтийг хүртэгчид болон энэхүү хөрөнгийг ашиглан хэрэгжүүлэх ТББ-ын үйл ажиллагааны хүрээг хязгаарласан. Мөн 1%-ийн татварын хэмжээ наад зах нь 20 крон (0.5 евро) байхаар заасан. Үүний зорилго нь маш бага хэмжээний мөнгөтэй холбогдсон захиргааны зардлыг бууруулахад оршиж байсан ба тооцоог хийхдээ хөдөлмөрийн хөлсний тухайн үеийн доод хэмжээнд тулгуурласан.

1%-ийн татварын механизмын үндсэн зарчмуудаас дурьдвал:

• татвар төлөгчийн нэр , хаягийг нууцлах

• Төсвийн хөрөнгийг ТББ-уудаар ашиглуулах талаар татвар төлөгчид шийдвэр гаргах эрхтэй гэсэн 1%-ийн үзэл санааны ач холбогдлыг харуулах

• 1%-ийн хөрөнгийн ашиглалтыг ил тод болгох

• Орлогын албан татварын хуулиар зохицуулагддаг бэлэг, хандивыг татвараас чөлөөлөх тухай заалтаас 1%-ийн механизм нь ялгаатай.

ТББ-уудын санал болгосон 1%-ийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Сангийн яам хүлээн авч 2001 оны намрын чуулганаар хэлэлцэгдсэн Орлогын албан татварын тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүдэд багтаасан. Парламентын гишүүд санал болгосон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч Словакийн Улаан загалмай байгууллагыг 1%-ийн татвар хүртэгчдийн тусгай ангилалд багтаасан.

Словакийн санаачлага: “аж ахуйн нэгжүүдээс 1%”

Татварын хуулинд 1%-ийн тухай нэмэлт өөрчлөлт оруулсан амжилт нь ТББ-уудад өөр нэг шинэ санааг төрүүлсэн. 1%-ийн асуудлаар явуулсан хэлэлцүүлэг, хэлцлийн үр дүнд нэг зүйл тодорхой болсон: ТББ-уудыг нийгмийн нэг чухал хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч эрх баригч эвсэлд ТББ-уудыг дэмжих тодорхой хөтөлбөр байсангүй. Иймээс ТББ-уудын зүгээс тодорхой санал санаачлага гаргах шаардлагатай болсон.

Словакийн Хандивлагчдын форумын (СХФ) ажлын хэсэг нь Гремиумаас байгуулсан хуульчдын бүлэгтэй хамтран ТББ-уудын дунд “хувьчлалын орлогоос хүртэхэд ТББ-уудыг оролцуулах” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ санаа нь Чех улсын туршлагаас үүдэлтэй бөгөөд тус улсад хувьчлалаас олсон орлогыг ашиглан ТББ-уудыг дэмжих урт хугацааны дотоодын эх үүсвэрийг бүрдүүлсэн билээ.

СХФ-аас дээрх санааг гаргасан ч улс төрчид хүлээж авсангүй. Учир нь хувьчлалаас олсон орлогыг засгийн газар өөр зүйлд зарцуулах хүсэлтэй байлаа.(7) Улс төрчид өөр сонголтыг санал болгосон нь хүн амын орлогын татварын 1%-ийг ТББ-д зарцуулах заалтыг аж ахуйн нэгжүүдийн албан татварын хуульд мөн тусгах явдал байв. Энэхүү санал нь албан бус шинжтэй байсан бөгөөд энэ асуудлыг нарийвчлан судлах цаг хугацааны боломж байгаагүй тул ТББ-уудын төлөөлөгчид түүнийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. “Аж ахуйн нэгжийн татварын 1%”-ийн тухай саналыг боловсруулж батлуулсан үйл явц нь ТББ-уудын нөлөөллийн ажлын түүхэн дэх хамгийн богино хугацаанд шийдэгдсэн асуудал байлаа. Үүнд хоёр долоо хоног л зарцуулагджээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1%-тай холбогдсон мехнизмыг Орлогын албан татварын тухай хуульд тусгай хэсэг болгон оруулсан нь зарчмын хувьд хүн амын орлогын татварын 1%-ийн тухай заалттай ижил байв. Ялгаатай тал нь тухайн мөнгийг хүртэх эрхтэй байгууллагуудын тоотой холбоотой байв. Татвар төлөгч иргэд татварынхаа 1%-ийг зөвхөн нэг ТББ-д өгөх боломжтой бол компаниудын хувьд 1-ээс дээш тооны ТББ-д зориулж болно.

“Аж ахуйн нэгжийн татварын 1%”-ийн асуудлаар явуулсан хэлэлцээрийг 1.САҮТ гардан явуулсан. Орлогын албан татварын тухай хуулинд оруулахаар санал болгосон нэмэлт өөрчлөлтийг парламентад өргөн барьчихаад байсан тул түүнийг парламентын хуралдаанд танилцуулах хууль тогтоох байгууллагын гишүүнийг олох шаардлагатай байлаа. Ингээд парламентын гишүүн Роман Сипос (бүс нутгийн хөгжил болон ЕХ-д нэгдэхэд зориулсан сангийн хөрөнгийн ашиглалтын ауудлаар ТББ-уудтай урд өмнө хамтран ажилласан туршлагатай) уг хуулийн санаалчлагчаар ажиллаж 2002 оны 4 дүгээр сард “аж ахуйн нэгжийн татварын 1%” төслийг батлуулсан. Энэхүү заалт нь 2003 оны 1 дүгээр сараас хүчин төгөлдөр болж аж ахуйн нэгжүүдийн татвараас ТББ-ууд 2004 оноос эхлэн хүртэх эрхтэй болсон. Парламентын зарим гишүүн “аж ахуйн нэгжүүдийн татварын 1%”-ийн механизмыг 2001 оны намрын чуулганаар “хүн амын татварын 1%”–ийн заалтыг батлах үед аль хэдийн баталчихсан гэж ойлгож байсан нь санал хураалтыг амар хялбар болгожээ.

Орлогын албан татварын тухай хуультай холбоотойгоор 2003 онд хийгдсэн ажлууд

Татварын шинэчлэл нь Словакийн татварын хууль тогтоомжийг хялбаршуулахад чиглэх ёстой гэж 2003 оны хавар засгийн газар мэдэгдсэн. Хүн амын болон аж ахуйн нэгжийн албан татвар мөн НӨАТ нь нэг шатлалтай 19%-тай байхаар болсон. Үүний хажуугаар аливаа хөнгөлөлт болон татвар ногдуулах орлогоос хасч тооцох тухай заалтуудыг хүчингүй болгосон. Мөн татварын шинэ хуулиас 1%-ийн асуудлыг “ач холбогдолгүй элемент” хэмээн үзэж хасахаар төлөвлөсөн байсан.

ТББ-уудын хүчин чармайлт, хэвлэл мэдээллийнхэний дэмжлэгийн ачаар 1%-ийн механизмыг хэвээр үлдээж чадсан. Харамсалтай нь татвар ногдуулах орлогоос хандивыг хасч тооцох журам 2004 оноос хүчингүй болж, “оронд нь“ хүн амын болон аж ахуйн нэгжийн татвараас ТББ-уудад олгох хөрөнгийн хэмжээг 2% хүргэж нэмэгдүүлсэн (2004 оноос хүчин төгөлдөр болсон).

Энэ асуудлаар зарим ТББ тэмцэл явуулсан хэдий ч хандивыг татвараас чөлөөлөх заалтыг 2003 оны 12 дугаар сард батлагдсан Орлогын албан татварын тухай хуулинд багтааж чадаагүй. 2%-ийн механизмын хувьд шинэ хууль нь зарим зүйлийг хялбаршуулсан.

Сургамж

Словакийн ТББ-уудын туршлагаас харахад аль ч засгийн газарт ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр байсангүй. Энэ нь ТББ-уудтай зөрчилддөг эрх баригч төдийгүй иргэний нийгэмтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлдэг улс төрийн хүчнүүдэд ч мөн хамаарна. Засгийн газар “юу болохыг нь хүлээх” байр суурийг баримталдаг нь ажиглагдсан.

Иргэний нийгмийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалын асуудлаар (харьцангуй зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах бүтэцтэй боловч) Словакийн ТББ-ууд тухайн үед нэгдмэл байр суурьтай байж чадаагүй. Тус улсад 1%-ийн системийг нэвтрүүлэх талаар нөлөөллийн ажил хийхдээ ТББ-ууд гадаадын загварыг ашигласан. Бусад орнуудад ийм хууль үйлчилж байгаа жишээ нь нөлөөллийн кампанит ажлын чухал элемент болж чадсан.

Хэдийгээр 1% (2%)-ийн систем нь ТББ-уудын шинжээчдийн багийн нөр их хөдөлмөрийн үр дүн байсан боловч улс төрчдийн итгэл үнэмшил ч мөн нөлөөлсөн. Үүнд зөвхөн улс төрчид буюу төр төдийгүй иргэд ч төсвийн хөрөнгийн ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах эрхтэй гэсэн ойлголт чухал үүрэг гүйцэтгэсэн.

2003 оны үйл явдлуудаас харахад ТББ-уудын тэмцлийн үр дүнд хууль тогтоомжинд орсон эерэг өөрчлөлтүүдийг эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын улмаас үгүй хийхэд амархан ажээ. Иймээс одоо байгаа давуу талуудаа хамгаалахын төлөө ТББ-ууд улам бүр идэвхтэй ажиллах шаардлагатай юм.


  1. Гуравдахь секторын Гремиум гэдэг нь ТББ - уудын Штупава хотод явагдсан хамтарсан бага хурлын үеэр сонгогдсон хүмүүсийн бүлэг юм . Дараа нь Гремиумын зүгээс тодорхой асуудлаар ажиллах ажлын хэсгийг гаргуулсан .
  2. Тус байгууллага нь 1%- ийн олон нийтийн кампанит ажлыг Унгарт зохион явуулсан .
  3. Энэ нь Словакийн ардчилсан эвсэл байсан бөгөөд сонгуулийн дараа засгийн газрыг бүрдүүлэхэд оролцсон .
  4. Тэрээр мөн Словакийн ардчилсан эвслийн даргын албыг хашдаг .
  5. Төвлөрлийг сааруулах шинэчлэлийн бодлого нь иргэдэд илүү идэвхтэй байж , ( төсвийн хөрөнгийн зарцуулалт зэрэг асуудлаар ) шийдвэр гаргах үйл ажиллагаанд түлхүү оролцох боломж олгоход чиглэж байсан .
  6. Хуулийн шинжээч , эдийн засагчдын холбоо
  7. Төсвийн алдагдлыг нөхөх
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.