Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

Литви улс

Литвийн 2%-ийн тухай хуулийн лобби ажиллагаа  

Вайдотас Илгиус

Литвийн хэрэгцээнд тохирсон Унгарын загвар

Унгарын санаачлага болох Хүн амын орлогын албан татварын 1%-ийг нийгэмд үйлчилдэг байгууллагуудын санхүүжилтэнд зориулах загварыг газар дээр нь судлах боломжийг 1999 онд надад Фрийдом Хауз байгууллага олгосон. Ашгийн төлөө бус Мэдээлэл Сургалтын төвийн унгар нөхөд маань энэхүү загварыг ямар шалтгаанаар хэрхэн зохиосон, одоо яаж хэрэгжиж байгаа ба засгийн газар, ТББ-ууд болон олон нийт энэ талаар ямар бодолтой байдгийг ойлгож мэдэхэд маань тус дөхөм болсон олон уулзалтыг зохион байгуулсан билээ. Нэг долоо хоногийн энэ танилцах аяллын дараа Унгарын 1%-ийн механизмыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн итгэл үнэмшил маань нэмэгдсэн.

1998 онд ТББ-уудын үйл ажиллагааны тухай үндэсний хэмжээнд судалгаа явуулахад Литвийн иргэдийн дөнгөж 12% нь ТББ-уудад ямар нэгэн дэмжлэг үзүүлж байсан гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдагсдын ихэнх нь ТББ-уудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүйгээ хоёр шалтгаанаар тайлбарласан: “хэн ч надаас гуйгаагүй“ ба “надад хандив өгөх хангалттай мөнгө байхгүй” гэжээ. Унгарын 1%-ийн загвар нь дээр дурьдсан хоёр асуудлыг оновчтой шийдэж чадна гэж үзсэн юм. Нэгдүгээрт, нэмж мөнгө зарцуулахгүйгээр хүмүүс ТББ-уудад шууд дэмжлэг үзүүлэх боломжтой болох ба, хоёрдугаарт энэхүү бололцоо нь бүх ТББ-ын идэвхийг нэмэгдүүлж, олон нийтэд танигдахад нь тус дөхөм болно. Учир нь яаж төслийн тэтгэлэг авахыг сайн мэддэг цөөн хэдэн байгууллага л өөрийн үйлчлүүлэгчид, гишүүд, найз нөхдөөсөө санхүүгийн дэмжлэг авч чаддаг ажээ.

1%-ийн загвар нь улс төрчдийн ашиг сонирхолд ч мөн нийцсэн механизм юм. 1%-ийн тухай хууль хэрэгжсэн ч энэ нь ТББ-уудын санхүүжилтийг үлэмж нэмэгдүүлэхгүй боловч хамгийн гол нь татвар төлөгчдийн дундах ТББ-уудын талаарх ойлголтыг сайжруулах ач холбогдолтой. Мөн цөөн хэдэн ТББ л олонд танигдаж бусдынх нь хийсэн ажил иргэдийн анхааралд өртөхгүй байгаа нөхцөл байдалд ч өөрчлөлт гаргах магадлалтай. Энэхүү механизмыг хүмүүст таниулж сурталчлахдаа энэ нь зөвхөн ТББ-уудад бус Литвийн нийгэмд үйлчилдэг бүх төрлийн байгууллагад тус дөхөмтэй арга хэрэгсэл гэж ойлгуулбал хууль батлагдах бололцоо нэмэгдэнэ гэж үзсэн.

Филантропийн төлөөх эвсэл

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “ТББ-уудын Мэдээлэл, нөөцийн төв” (NISC)-ийн төсөл нь тодорхой санаачлагыг өргөн хүрээтэй өрнүүлэх зорилгоор нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг эвсэл болон нэгдэхэд нь тус дөхөм үзүүлэх зорилготой байсан. ТББ-уудын сүлжээ буюу эвслийг албан ёсны хэлбэрээр зохион байгуулах саналыг тус төслөөс дэвшүүлсэн. Төслийн хүрээнд имэйлээр мэдээ солилцох, вэб хуудас ажиллуулах, компьютерийн бага хурал явуулах зэргээр мэдээлэл солилцох боломжийг ТББ-уудад олгосон. Дээрх санаачлагыг нь ТББ-ууд буюу нийгмийн гуравдахь секторын үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг ТББ-уудын 100 гаруй манлайлагч лидерүүд дэмжсэн. Энэ чиглэлээр хийгдэх нөлөөллийн үйл ажиллагаа нь аль нэг байгууллага буюу хувь хүний лобби гэж ойлгогдохоос зайлсхийх үүднээс “Литвийн ТББ-уудын филантропийн төлөөх эвсэл”-ийг байгуулсан.

ТББ-уудад тулгамдаж буй нийтлэг асуудлын талаар мэдээлэлтэй, хамтран ажиллах сонирхол бүхий үндэсний ТББ-уудын төлөөлөгчдөд хандаж дээрх саналыг албан бус байдлаар дэвшүүлсэн юм. Тус эвсэл нь албан ёсны байгууллага болж бүртгүүлэхгүйгээр тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хэлбэрээр ажиллах нь зүйтэй гэдэгтэй бүгд санал нэгдсэн. Литва улсад филантропи үзэл санааг хөгжүүлэхэд саад тотгор учруулж буй эрх зүйн чанартай бэрхшээлүүдийг даван туулах үйлст хоорондоо болон хууль тогтоогч нартай хамтарч ажиллах эвслийн зорилтуудыг томъёолсон тунхаглал гаргасан юм. Үүнд хоёр үндсэн зорилтыг дэвшүүлжээ: Хүмүүнлэгийн болон ивээн тэтгэх үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ба “1%-ийн филантропийн” үзэл санааг тусгасан өөрчлөлт оруулах зорилгоор нөлөөллийн ажил явуулах.

Энэхүү эвсэлд ТББ-ууд төдийгүй дээрх тунхаглал болон байгууллагын дүрмийг дэмжиж буй хувь хүмүүс ч мөн нэгдэх боломжтой байхаар шийдвэрлэсэн. Дүрэмд зааснаар эвслийн гишүүд нь удирдах зөвлөлөө сонгож, энэхүү зөвлөл нь эвслийн байр суурийг төлөөлөх хүмүүсийг сонгох буюу томилох эрхтэй. АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй төсөл хэрэгжсэн хугацаанд буюу 1999-2000 онд NISC нь эвслийн нарийн бичгийн даргын газрын үүрэг гүйцэтгэсэн.

Бэлтгэл ажил буюу өөрсдийнхөө талаар ойлгож мэдэх нь

Эвслийг санаачлагчид нь 2000 оны 12 дугаар сард бусад ТББ-уудыг урьж оролцуулан үүсгэн байгуулах хурлыг явуулсан. Хурлын үеэр тунхаглалыг баталж, эвслийн нэн тэргүүний зорилт бол “филантропийн үйлст татварын орлогын 2%-ийг зориулах” асуудал юм гэж зарласан. Хурлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр мэдээлж, улс төрчид байлцсан нь 2%-ийн талаарх санаачлагыг богино хугацаанд олон нийтэд хүргэх бололцоог бүрдүүлсэн. 130 орчим ТББ тус эвслийн гишүүн болж, 17 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг сонгосон.

NISC-ийн төслийн зохицуулагч нь эвслийн хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ гэж тохиролцсон. Тэрээр Гадаад хэргийн яам, Парламентын Төсөв санхүүгийн байнгын хороо болон Үндэсний татварын газрын холбогдох албан тушаалтнуудтай өдөр тутам харьцах үүргийг хүлээсэн. Мөн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын ахиц дэвшлийн талаар мэдээлэл цуглуулж, эвслийн гишүүдэд хүргүүлэх, энэ асуудлаар сонирхсон бусад талуудтай харилцах, дээрх санаачлагыг ТББ-ууд хэрхэн хүлээж авч буйг судлах зэрэг ажлыг хариуцсан. Харилцаа холбооны бүхий л ажлыг имэйлийн лист ашиглах аргаар хийсэн. Үүнээс гадна хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийн хуудас бэлтгэж олон нийтэд хандсан уриалга гаргаж, эвслийн веб хуудсыг нээж ажиллуулсан билээ.

ТББ-уудын эвслээс хамгийн түрүүнд байгаа статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улмаар дутагдалтай мэдээллийг эрж хайх зорилгоор судалгааны ажлыг эхлүүлсэн. Тухайлбал ТББ-уудын тоо болон үйл ажиллагааны хүрээний талаар бүрэн дүүрэн мэдээлэл байгаагүй нь лобби үйл ажиллагааны талаар үндэслэлийг боловсруулах боломжийг хязгаарласан. Литвийн статистикийн төв газраас ТББ-уудад холбогдох мэдээллийг худалдан авч түүнд дүн шинжилгээ тайлбар хийсэн. Судалгааны үр дүнг үндэсний ТББ-уудын чуулга уулзалтуудын үеэр танилцуулахын хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэлээд мэдээлэл тавиулсан.

Литвад 10000 орчим ТББ байдаг тухай зарлахад энэ нь зарим улс төрч, сэтгүүлчдийн сонирхлыг татаж, энэ тоог хөрш орнууд болон ардчилал хөгжсөн улсууд дахь ТББ-уудын тоотой харьцуулбал ямар байх вэ гэсэн асуултыг тавихад хүргэсэн. Литвийн ТББ-ууд ямар чиглэлээр түлхүү үйл ажиллагааг явуулдгийг сонирхоход ихэнх нь нийгмийн халамж анхаарлыг хамгийн бага хүртдэг хэсгийнхэнд хүрч ажиллахыг чухалчилдаг нь харагдсан. Бас нэг сонирхолтой зүйл нь ТББ-уудын 70%-д нь ажиллаж буй хүмүүс үүнийхээ төлөө цалин авдаггүй буюу сайн дураараа ажилладаг ажээ. Энэ нь өөрийнхөө төлөө биш харин нийгэмд үйлчилдэг гэсэн ТББ-уудын имижийг улам тодотгож өгсөн. Товчоор хэлбэл, дээр дурьдсан ажлууд нь Литва улс дахь ТББ-уудын ерөнхий дүр зургийг гаргах анхны оролдлого байлаа.

Төрийн бодлогын талаар мэтгэлцээн өрнүүлж, бололцоо нөхцөлийг эрж хайсан нь

Судалгааны явцад олж авсан мэдээ материалыг улс төрчидтэй албан болон албан бус хэлбэрээр 2%-ийн асуудлаар ярилцлага хийхэд ашиглах боломжтой болсон. 2%-ийн тухай үзэл санаа нь улс төрчдийн тунхагласан олон зорилттой уялдсан практик арга хэрэгсэл гэдгийг ойлгуулахыг чармайсан. ТББ-уудын эвсэл 1996 онд батлагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүн шижилгээ хийж, “соёл, спортын болон бусад чиглэлийн ашгийн төлөө бус байгууллагуудыг дэмжих үүднээс татварын орлогыг үр ашигтай зарцуулах” тухай заалтанд ач холбогдол өгсөн. 1998 оноос хойш хэд хэдэн засгийн газар солигдсон бөгөөд аль нь ч 1-ээс илүү жил ажиллаагүй.

Орчин үеийн сэтгэлгээтэй Ерөнхий сайд Андриус Кубилиусын удирдсан Консерватив намын засгийн газар нь 1999 оны зун батлагдсан мөрийн хөтөлбөртөө олон нийт болон ТББ-уудын саналыг тусгана гэдгээ мэдэгдсэн нь ихээхэн олзуурхууштай зүйл байлаа. Засгийн газрын бодлогод тусгуулах саналаа имэйлээр явуулах боломжтой байсан нь энгийн бөгөөд практик арга байв. 200 гаруй санал ирсний дөнгөж 9 нь л мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Үүнээс хоёрыг нь NISC байгууллага дэвшүүлсэн. Үүний нэг нь “Орлогын татварын тодорхой хувийг ашгийн төлөө бус байгууллагуудад олгох” санал байлаа. Энэхүү амжилтыг 2%-ийн асуудал болон ТББ-уудын хэрэгцээ шаардлагын талаар олон нийтэд ойлголт өгч чадсанаар тайлбарлаж болно.

Дараагийн алхам нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт дээрх санааг амьдралд хэрэгжихүйцээр томъёолуулах ажил байв. 1999 оны сүүлээр болон 2000 онд засгийн газар дахин дахин солигдох үеэр тэдгээрийн мөрийн хөтөлбөрт дээрх үзэл баримтлалыг багтаах оролдлогыг тухай бүр хийж байсан. 2%-ийн тухай хуулийг 2001 оны эхээр батлуулна гэж засгийн газар амласан тул ТББ-уудын эвсэл энэ асуудлын хэрэгжилтэнд хяналт тавьж ирсэн.

Лобби үйл ажиллагаанд ашиглах чухал хэрэгсэл нь Ерөнхий сайдын ажлын албан дахь ТББ-уудын байнгын комисс байв. 1992 оноос хойш Литвийн Ерөнхий сайд ТББ-уудын асуудлаарх орон тооны зөвлөхтэй болсон. 1999 онд Ерөнхий сайд Кубилиус нэгэн чухал шийдвэр гаргасан нь ТББ-уудад холбогдох эрх зүйн болон улс төрийн асуудлаар зөвлөгөө өгөх комиссыг байгуулсан явдал байлаа. Засгийн газар олон удаа өөрчлөгдсөн нь тус комиссын ажлын үр өгөөжийг бууруулсан хэдий ч ийм байгууллага бий болсон нь ТББ-уудын зүгээс засгийн газарт санал бодлоо хүргэх тодорхой арга зам байснаараа ач холбогдолтой. 2%-ийн тухай асуудлыг тус байнгын комисс дэмжиж парламентад танилцуулбал уг хууль батлагдах магадлал нэмэгдэх нь гарцаагүй гэж үзсэн. NISC энэхүү комисст нэг суудалтай байсан нь 2%-ийн асуудал засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасагдахаас урьдчилан сэргийлж, анхаарлын төвд байлгахад нь тус дөхөмтэй байв.

2%-ийн асуудал засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байсан тул дээрх саналыг Хүн амын орлогын албан татварын шинэ хуулинд багтаахаас өөр арга Сангийн яаманд байгаагүй. 2%-ийн тухай хуулийг татварын тогтолцоог өөрчилж шинэчлэлийг эрчимжүүлж гүйнзгийрүүлэхэд чиглэсэн нийт 6 хуулиас бүрдсэн татварын багцад оруулсан. Татварын тогтолцоог дорвитой шинэчлэх үйл явц нь дөрвөн жил үргэлжилсэн юм. 2%-ийн асуудлаар засгийн газарт арга зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлж байсанд нь төрийн байгууллагууд ТББ-уудын эвсэлд мэдээж талархалтай хандаж байсан. Ингэснээр найрсаг бүтээлч харилцаа холбоо аажмаар бий болж, эвсэл болон NISC–ийг олон нийтийн санал бодлыг хүргэж оновчтой шийдлийг эрэлхийлдэг найдвартай зөвлөгч гэдгийг нь хүлээн зөвшөөрөх болсон.

Баримтыг танилцуулж, асуултуудад хариу өгсөн нь

Литва улсад 2%-ийн тухай хуулийг баталж хэрэгжүүлэх бололцоо нөхцөл бүрдсэн эсэхийг ТББ-уудын эвсэл 2000 оны зун судалсан. Энэхүү үзэл санааг улс төр болон бизнесийн хүрээнийхэн хэрхэн авч үзэж буй талаар судалгаа хийх үүргийг нэр хүндтэй санхүүгийн шинжээч бөгөөд бизнесийн өдөр тутмын сонины сэтгүүлчид даалгасан.

Судалгааны дүнд бий болсон 20 хуудас тайланг мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж парламентын бүх гишүүн холбогдох байнгын хорооны зөвлөхүүд, төрийн албан хаагчид, ТББ-ууд болон хэвлэл мэдээллийнхэнд хүргүүлсэн. Тайланг 2000 онд Литвийн парламентын санаачлагаар зохиогдсон тусгай бага хурал дээр танилцуулж хэлэлцсэн.

Энэхүү судалгаанд 2%-ийн тухай хуулийн гол зорилго, ач холбогдлуудыг тодорхойлсон. Хууль батлагдах нь дараах ач холбогдолтой:

  • Татвар төлөгчдийн идэвхи оролцоо сайжирна
  • Нийгмийн сайн сайхны үйлст үзүүлэх санхүүгийн дэмжлэг нэмэгдэнэ
  • Хандивлагчидтай үр дүнтэй харилцаж ажиллах боломжийг ТББ-уудад олгоно
  • Нийгмийн үйлчилгээний салбарт шударга өрсөлдөөн бий болно
  • Филантропийн үнэт зүйлс болон иргэний оролцоо бэхжинэ
  • Гуравдахь хэвшил буюу ТББ-уудад төрийн дэмжлэг хүрч очно
  • ТББ-уудын орлого нэмэгдэнэ
  • ТББ-уудын мэргэжлийн ур чадвар сайжирна.

Дээрх судалгаанаас харахад улс төр, бизнесийн лидерүүд энэ санааг дэмжихдээ хойрго байлаа. Нэг талаас тэд филантропийг хөгжүүлж, ТББ-уудад туслалцаа үзүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан ч нөгөө талаас дээрх арга хэмжээг баталж хэрэгжүүлэхэд тохиолдох практик бэрхшээлүүдээс болгоомжилж байв. Судалгаагаар илэрсэн нэг сонирхолтой зүйл нь энэ саналыг дэмжих эсэх талаар улс төрийн нэг нам дотор харилцан адилгүй санал бодол ажиглагдсан явдал юм. Зарим улс төрч ТББ-уудын явуулсан лобби ажиллагааг “хүчирхэг католик сүм”(1)-ийн даалгавраар хийгдсэн ажил гэж сэжиглэж байв.

Тус судалгаа нь 2%-ийн асуудалтай холбоотойгоор санаа зовоож байсан нийтлэг асуудлуудыг гаргаж ирэхийн хажуугаар тэдгээрт үнэлгээ хийсэн. Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл ажиглагдсан 7 сөрөг үндэслэлийг харуулбал:

  • “Одоохондоо шаардлагагүй”
  • “Ингэвэл татвар нэмэгдэнэ”
  • “Энэ саналыг хэрэгжүүлэх боломжгүй”
  • “Захиргааны зардал нь хэт өндөр байна”
  • “Төсвийн орлогыг ихээр бууруулна”
  • “2%-ийн хөрөнгө нь зөв байгууллагадаа хүрч очихгүй”
  • “Энэ нь сүм хийдүүдэд олгодог жил бүрийн татаас зэрэг төсвөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг үгүй болгоход хүргэнэ”

Дээрх санаануудыг няцаасан оновчтой үндэслэлийг тоо баримт мэдээллүүдэд тулгуурлан няцаасан юм. Жишээлбэл Унгарын туршлагатай уялдуулбал энэ хууль хэрэгжсэн тохиолдолд Литвийн төсвийн орлого 0.08%-иар л буурна гэж тооцоолсон. Хууль батлагдсанаар бий болох ололтуудтай харьцуулбал дээрх тоо нь төдийлөн их санагдахгүй болов уу? Нэмэлт өөрчлөлтийг яаравчлан баталбал дараах бэрхшээлүүд гарч болзошгүй гэж тооцсон: татварын газрын ачаалал нэмэгдэнэ; сонгуулийн дараа улс төрийн хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч магадгүй; парламентаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хууль олон байгаа; энэ асуудал нь улс төрийн хувьд тэргүүлэх ач холбогдолтойд тооцогдохгүй; эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон ба төсвийн орлого буурсан. Унгарын “1+1%” механизмын хэрэгжилтийн талаарх товч тайлбарыг энэхүү судалгаанд мөн багтаасан байна.

Гадаад нөөц бололцоог дайчилж зорилгодоо хүрэх нь

2000 оны хаврын сүүлчээр Унгарын 3 жилийн туршлагыг парламентын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулах зорилгоор Сеймд зохион байгуулсан бага хуралд Унгарын хоёр шинжээчийг урьж оролцуулсан. АТМСТ-ийн захирал Мариана Тор о к унгарын хууль хэрхэн батлагдсан болон “1+1%” систем нь ТББ-ууд болон татвар төлөгчдөд хэрхэн нөлөөлсөн талаар танилцуулга хийсэн. Төрийн аудитийн газрын зөвлөх доктор Габор Пош хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг цаасны техник ажлуудын талаар тайлбарлаж засгийн газрын хувьд тус хууль нь ямар үр өгөөжтэй байгаа талаар ярьсан. Энэхүү уулзалтанд Литвийн гол шийдвэр гаргагчид оролцсон нь амжилттай явдал байлаа.

Улс төрийн асуудлаарх нөхөд болон дайснууд

Сеймын сонгуулийн үр дүнд 2%-ийн асуудлыг хамгийн их сонирхдог улс төрийн гурван хүчин болох консерватив, либерал, социал демократ намууд Литвийн парламентад нөлөөтэй хэвээр үлдсэн. Үүгээр ч зогсохгүй ТББ-уудын асуудлаар нэлээд туршлагжсан Нийгэм, хөдөлмөр эрхлэлтийн байнгын хорооны даргын санаачлагаар ТББ-уудад холбогдох асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг түр хугацаагаар байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентын бүх намыг төлөөлсөн 12 гишүүн багтсан. Энэхүү ажлын хэсэг нь 2%-ийн тухай хуулийн төслийг хамгаалж дэмжигч гишүүдийн тоог шаардлагатай хэмжээнд хүргэхийн төлөө ажиллахаар болсон юм.

Филантропийн төлөөх ТББ-уудын холбоог дээрх ажлын хэсгийн бүх хуралдаанд урилгаар оролцуулж байсан. 2001 онд ажлын хэсгийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, үндэсний хэмжээний голлох дээвэр байгууллагуудын 20 төлөөлөгчийг хуралдаануудад оролцуулсан нь 2%-ийн асуудлыг зөвхөн “найз нөхдийн бүлэг бус” иргэний нийгмийн болон улс төрийн лидерүүд дэмжиж байгаагийн илрэл болж чадсан.

Анхаарлаа сулруулж болохгүй

2002 оны эхээр Хүн амын орлогын албан татварын шинэ хуулийн төслийн эцсийн хувилбарыг Литвийн засгийн газар өргөн барьсан. Гэвч ингэхдээ Сангийн яам санаандгүй өөрчлөлт хийж, 2%-ийг 1% болгож бууруулсан байв. Энэ 1%-ийн хөрөнгийг зөвхөн жагсаалтанд орсон байгууллагуудад олгох (ингэхдээ жагсаалтыг ямар зорилгоор яаж зохиох талаар тайлбар өгөөгүй) ба хувь хүмүүсийн өгсөн хандивыг татвараас чөлөөлөх заалтыг хүчингүй болгохоор төлөвлөжээ.

ТББ-уудын эвслээс Сеймын ажлын хэсэгт дээрх “санаачлага”-ын талаар сөрөг үндэслэлүүдээ танилцуулж альтернатив хувилбарыг хүргүүлсэн. Байнгын хороодын түвшинд явагдсан 1 ба хоёрдугаар хэлэлцүүлгээс харахад 2%-ийн санаачлагыг дэмжиж буй парламентын гишүүдийн тоо нь Сеймын 50%-д хүрэхгүй байгаа нь мэдрэгдсэн.

Нөөц хувилбарын ач холбогдол

Балтик-Америкийн түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өөр нэг жижиг судалгааг NISC явуулсан. Литвийн томоохон таван хотын нийт 500 оршин суугчдын дунд телефон утсаар судалгаа явуулж, 2%-ийн асуудлыг дэмжиж буй эсэхийг нь тандсан. Судалгаанаас харахад дээрх санаачлагыг олон нийт хүчтэй дэмжиж үүнээс их зүйлийг хүлээж буй ажээ. Татвар төлөгчид гол төлөв боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарын байгууллагуудыг дэмжиж буй нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл 2%-ийн төсвийн дэмжлэгийг үйл ажиллагаа нь ард түмэнд төдийлөн танигдаагүй ТББ-ууд бус харин сургууль, эмнэлэг, өндөр настны асрамжийн газрууд зэрэг санхүүжилт авах эрхтэй төрийн байгууллагууд хүртэх магадлалтай нь илэрхий байсан. Эдгээр байгууллага нь нийтэд илүү танигдсан байдаг тул үүнд гайхах зүйлгүй.

Дээрх судалгааны дүнгүүд болон хуулийн хэрэгжилтийн төсөвт үзүүлэх нөлөөний талаарх тооцоог Сеймын нэгдсэн хуралдаан дээр энэ асуудлаар эцсийн санал хураалт явуулахаас хоёр хоногийн өмнө парламентын бүх гишүүн, тамгын газрын ажилтнуудад имэйлээр болон цаасан дээр хүргүүлсэн. Судалгааны тайланг хэвлэлийн мэдэгдлүүдийн хамтаар мэдээллийн бүх байгууллагад явуулсан. Үүний үр дүнд өдөр тутмын хамгийн нөлөө бүхий хоёр сонинд 2%-ийн талаар өгүүлэл тавигдсан. Тооцоо хүснэгт бүхий энэхүү мэдээлэл нь уншигчдын анхааралд өртөж чадсан. Бүс нутгийн хамгийн том өдөр тутмын сонин энэ асуудалд нэг нүүрийг бүхэлд нь зориулсан байлаа. Үндэсний радиогийн өглөөний хэвлэлийн тоймонд энэ тухай дурьдагдаж, интернэт хэвлэлд ч 2%-ийн асуудал хөндөгдсөн. ТББ-уудын эвсэл ямар шалтгаанаар альтернатив хувилбарыг санал болгож буй талаар мэдээлсэн нь дуулиантай зүйлийг хайж байдаг сэтгүүлчдийн анхаарлыг татсан ба олон нийтийн санал бодлыг үл ойшоож буйн төлөө засгийн газрыг шүүмжлэх бололцоог тэдэнд олгосон.

Хэвлэл мэдээллийнхний үүсгэсэн энэхүү дуулиан нь 2%-ийн асуудал чухал зүйл гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж чадсан. Ингэснээр 2002 оны 7 дугаар сарын 2-нд явагдсан санал хураалтаар ТББ-уудын эвсэл болон NISC-ийн лоббидсон 2%-ийн альтернатив төсөл 66 (өмнө нь 34 байсан) гишүүний санал авч дэмжигдсэн. Татвар ногдуулах орлогоос хандивын хэмжээг хасч тооцох журам хүчингүй болсон зэргээр зарим талаар буулт хийсэн юм. Гэсэн ч энэ асуудлыг 6 сарын дараа эргэн харна гэдгээ Сеймын ажлын хэсгийн гишүүд албан бусаар мэдэгдсэн.

Эцсийн үр дүнгийн төлөөх тэмцэл

Хүн амын орлогын албан татварын тухай шинэ хууль батлагдсаны дараа ч Сангийн яам болон NISC-ийн хооронд бий болсон нөхөрсөг бүтээлч хамтын ажиллагаа үргэлжилсэн. Дараа дараагийн хууль тогтомжийг боловсруулах үүрэгтэй төрийн албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа албан бус уулзалтуудыг зохион явуулсан. Сангийн яамнаас санал бодлоо NISC-д имэйлээр явуулж түүнийг нь ТББ-уудын эвслийн гишүүдийн сонорт хүргэж байсан. Тэдний өгсөн саналыг Сангийн яаманд уламжлах үүргийг NISC хүлээсэн. Литвийн Аж үйлдвэрлэгчдийн нэгдсэн эвлэл, Литвийн Чөлөөт зах зээлийн хүрээлэн, Литвийн Залуучуудын байгууллагын зөвлөл, Литвийн Католик сүм зэрэг нөлөө бүхий лобби бүлгүүдтэй ч мөн хамтран ажиллаж нэгдмэл байр сууринд хүрэх нь чухал байлаа.

Ингэсний үр дүнд томоохон байгууллагууд бүгд зөвлөлдөж нэгдмэл үзэл санаатай болсон ойлголтыг яаманд төрүүлж чадсан. 2002 оны 9 дүгээр сарын 25-нд “Хүмүүнлэгийн болон ивээн тэтгэх үйл ажиллагааны хуулийн дагуу санхүүжилт авах эрхтэй Литвийн байгууллагуудад орлогын татварын 2% хүртэлх хөрөнгийг шилжүүлэх тухай журам”-д сангийн сайд гарын үсэг зурсан. 2%-ийн мөнгийг шилжүүлэхэд ашиглах маягтын загварыг Литвийн татварын газар баталсан. Зарим асуудлаар бага зэрэг санал зөрөлдсөнийг эс тооцвол засгийн газар ба ТББ-уудын хамтын ажиллагааны үр дүнг хангалттай гэж үзэж болно.

Филантропийн төлөөх Литвийн ТББ-уудын эвсэл цаашид ажиллах шаардлагагүй болсон. Эвслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх тэтгэлэг зогссон тул эвслийн гишүүд имэйл хурал болон вэб сайтыг ашиглан мэдээлэл солилцож зөвлөлдөж байна.

Литва дахь үйл явцын сургамжууд

Энэхүү үйл явцын онцлогуудаас дурьдвал:

  • Тодорхой нэг стратегийг баримтласан
  • Салбар хоорондын эрх ашгийг нэгтгэсэн
  • Боломжтой бүх үйл ажиллагааг явуулсан
  • Улс төрийн лоббийг сайтар зохион байгуулалттай, үр дүнтэй хийсэн
  • Нөлөөллийн кампанит ажилд судалгааны дүнг ашигласан
  • Үйл ажиллагаануудыг цагийг нь олж явуулсан.

Татварын хуулинд ямарваа өөрчлөлт оруулахад ихээхэн хүчин чармайлт шаардагддаг тул Литвад 2%-ийн тухай хуулийг батлуулахын төлөө сайтар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг авсан юм. Шийдвэрлэх үед засгийн газрууд солигдож байсан нь нэг талаас бэрхшээл боловч нөгөө талаас бололцоо олгосон хүчин зүйл байлаа. Нөлөөллийн үйл ажиллагааг төслийн санхүүжилтээр хийгээгүй бол ийм богино хугацаанд хангалттай үр дүнд хүрэх боломжгүй байсан болов уу.

2%-ийн асуудлаарх энэхүү кампанит ажил нь гурван жил явагдсан ч 2004 оны эхний байдлаас харахад түүнийг цаашид ч үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Лобби хийх өртөг зардлыг нарийвчлан тооцоход хэцүү. Литвийн хувьд хамгийн гол хүчин зүйл нь мэдлэг буюу цаг хугацааны асуудал байсан. NISC энэ мэдлэгийг унгарын нөхдүүдээс олж авч тохиромжтой цаг үе нөхцөл байдалд ашиглаж чадсан. Төв ба Зүүн Европын бусад орнууд ч өөрийн онцлогтой арга замаар дээрх асуудалд амжилт гаргана гэдэгт би итгэлтэй байна.


  1. ТББ - уудын эвслийн бүрэлдэхүүнд Каритас зэрэг шашны байгууллагууд багтсан ч харин католик сүм шууд оролцоотой байгаагүй . 2%- ийн хөрөнгөнөөс хүртэгчдийн нэг болох сүм хийдийн төлөөлөгчид уг хуулийн талаар өрнөсөн мэтгэлцээнд оролцож байсан .
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.