Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

Польш улс

Польш улсад 1%-ийн тогтолцоог бий болгосон нь

Игорь Голински

Хүн амын орлогын албан татвар болон Хөдөө аж ахуйн татварын хуулийн дагуу иргэдийн төлсөн татварын 1%-тай тэнцэхүйц хөрөнгийг нийгэмд үйлчилдэг сонгосон байгууллагад нь шууд шилжүүлэх тогтолцоо нь Польш улсад ТББ-уудыг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон дэмжлэг болсон юм. 1%-ийн тогтолцоог 2003 оны 4 дүгээр сард Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа ба сайн дурын хөдөлгөөний тухай хуулийн бүрэлдэхүүүн хэсэг болгон Польшийн парламент баталж хуульчилсан. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад эрх зүйн шинэ статус олгох, олон нийтийн дунд филантропи үзэл болон сайн дурынхны хөдөлгөөнийг хөгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны дүрмийг ил тод болгох зэрэг ТББ-уудын татвар, хөрөнгө оруулалтад холбогдох олон чухал асуудлыг шийдвэрлэсэн энэ төрлийн хууль батлагдахыг Польшийн ТББ-ууд олон жил хүлээн шаардаж байсан.

1%-ийн механизмын тухай хуулийн төслийг боловсруулах явцад ТББ-ууд 2 жилийн турш нөлөөллийн ажил хийсний үр дүнд уг хууль Польшийн эрх зүйн тогтолцооны нэгээхэн хэсэг болж чадсан. Энэхүү үйл явц нь Польш улсад анх удаа гуравдахь салбарын төлөөлөгчдийн хувьд хууль тогтоох үйл ажиллагааны бүхий л түвшинд шууд оролцох бололцоог бүрдүүлснээрээ онцлог байсан. ТББ-ынхан хуулийн ерөнхий зарчмуудын талаар салбарынхаа хүрээнд болон засгийн газартай зөвлөлдөж, парламентын хуралдаануудад оролцож, энэхүү хуулийг Польшийн ерөнхийлөгч баталж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд байлцах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсэн.

Бодлого боловсруулах ажиллагаа ба ТББ-ын хүрээнд хийгдсэн зөвшилцлүүд

Польшийн иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой хууль тогтоомжийг боловсруулж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулах ажлыг ТББ-уудын чуулганы холбоо (ФИП) хэмээх байгууллага хариуцан зохион байгуулсан.(1) Тус холбооноос төрийн бус томоохон 50 байгууллагыг хэлэлцүүлэгт урьж оролцуулсан.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр 1%-ийн тухай санал олны дэмжлэгийг хүртсэн. Богино хугацааны дотор ТББ-уудын төлөөлөгчид хэд хэдэн удаа энэ асуудлаар уулзаж ярилцсан. Ингэснээр хуулийн төсөлд тусгагдсан гол асуудлуудыг оролцогч байгууллагуудын олонхынх нь хувьд хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр томъёолж чадсан. Олон жилийн ажлын туршл а гатай Улаан загалмайн нийгэмлэг, Польшийн скаутын холбоо, Польшийн хараагүй иргэдийн нийгэмлэг зэрэг томоохон байгууллагын төлөөлөгчид оролцсон энэхүү зөвлөлдөх үйл ажиллагаанд бараг бүхий л салбарын ТББ-ууд хамрагдсан билээ. Томоохон сангууд болон сүлжээ байгууллагууд ч мөн хуулийн төслийг дэмжсэн. Уулзалтанд оролцоогүй байгууллагуудын саналыг авахын тулд хуулийн төслийг холбогдох тайлбарын хамтаар Польшийн янз бүрийн хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг идэвхтэй байгууллагуудад хүргүүлсэн. Энэ маягаар нийт 250 байгууллагын дэмжлэгийг авч 2001 оны 9 дүгээр сарын 23-нд явагдсан сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газарт хуулийн төслийг өргөн барьсан.

“ТББ-уудын чуулганы холбоо” нь 1%-ийн тухай хуулийг батлуулахын төлөө Польшийн ТББ-уудын дунд нөлөөллийн кампанит ажил явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Хэлэлцүүлгүүдийг тус улсын ихэнх мужид жил бүр зохион байгуулж байсан.

Эдгээр уулзалт нь хоёр үндсэн зорилготой: Нэгд, орон нутгийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сонирхсон хүмүүст танилцуулах боломжийг олгосон ба гудамж талбайд явагдсан өдөрлөгийн хэлбэрээр зохиогдсон. Хоёрт, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага хүмүүст тулгамдаж буй бэрхшээл болон хэрэгцээ шаардлагынхаа талаар ярилцаж, орон нутгийн засаг захиргаа, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэнд санал бодлоо хүргэх бололцоо бүрдүүлсэн.

1%-ийн механизмыг нэвтрүүлэх ба төрийн байгууллагын зарим үүргийг ТББ-уудад шилжүүлэх, сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих зэрэг ТББ-уудын үйл ажиллагаанд холбогдох чухал асуудлуудыг олон нийтийн сонорт хүргэх зорилгоор “Төрийн бус байгууллагуудын долоо хоног”-ийг 2001 оны 9 дүгээр сард зохион явуулсан.

1%-ийн тогтолцоог хуульчлахын төлөө хийгдсэн ажлуудыг гурван үе шатанд хуваан үзэж болно. Тус бүрт нь ТББ-уудын тодорхой бүлгүүд идэвхтэй ажилласан.

Эхний бүлэг нь 1%-ийн тогтолцоог бий болгохын төлөө хийгдсэн лобби үйл ажиллагааг хариуцсан. Энэхүү тогтолцоог хуульчлах замаар ТББ-уудад санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлэх санааг түгээн дэлгэрүүлэх, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих асуудлаар Польшийн иргэдийг идэвхжүүлэхэд тэдний зорилго оршиж байв. Томоохон сангуудын төлөөлөгчдөөс голчлон бүрдсэн хоёрдахь бүлэг нь энэ асуудалд илүү прагматик байр сууринаас хандсан. Тэд татвар төлөгчийн төлсөн мөнгөний 1%-ийг шаардлага хангасан ТББ-д татварын газраас шилжүүлдэг Унгарын загварт тулгуурлан хялбар, үр дүнтэй, 1%-ийн механизмыг бий болгох талаар нөлөөллийн ажил хийсэн. Гуравдахь бүлэг нь засгийн газраас санал болгож, улмаар парламентаар батлагдсан санаачлагыг дэмжиж ажилласан. Энэхүү механизмын хэрэгжилт нь татвар төлөгчид 1%-ийн татвараа 1 ба түүнээс дээш тооны нийгэмд үйлчилдэг байгууллагад шууд шилжүүлж, дараа нь энэ тухай татварын газарт мэдэгдэх зарчимд тулгуурласнаараа онцлог. Харин Унгарт татварын хөрөнгөнөөс хүртэгч байгууллага нь дэмжлэг үзүүлсэн татвар төлөгчийнхөө нэр хаягийг мэдэх боломжгүй.

Улс төрийн намуудын дунд хийсэн лобби

ТББ-уудын санаачлагыг дэмжсэн нөлөөллийн ажлыг парламентын клубүүдэд мөн явуулсан. Улс төрчид сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо илэрхийлсэн нь 2001 оны 9 дүгээр сард явагдахаар төлөвлөгдсөн парламентын сонгуулийн дараа улс төрийн янз бүрийн намууд ямар үйл ажиллагаа явуулах талаар ТББ-уудад мэдээлэл авах бололцоог олгосон.(2)

Сонгууль болохоос өмнө явагдсан “Төрийн бус байгууллагуудын долоо хоног”-ийн үеэр Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа ба сайн дурын хөдөлгөөний тухай хуулийн төсөл болон 1%-ийн механизмын талаар улс төрийн намууд, парламентад нэр дэвшигчид ямар байр суурьтай байгааг олж мэдэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлгүүдийг ФИП зохион байгуулсан. Хуулийн төслийн талаар парламентад нэр дэвшигчид болон сонгогчдын дунд олон уулзалт явуулсан. Улс орон даяар явагдсан эдгээр уулзалтанд 200 гаруй нэр дэвшигч оролцсон ба тэдний 10 орчим хувь нь сонгуульд ялалт байгуулсан. 1%-ийн тогтолцоог дэмжсэн мэдэгдлүүд нь сонгуулийн дараа тэдгээр улс төрчидтэй эрчимтэй харьцаж ажиллах бодит боломжийг бүрдүүлж өгсөн. ФИП энэ шинэ төрлийн лобби ажлыг хийсэн нь өмнөх засгийн газрын зүгээс ТББ-уудад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг төдийлөн дэмждэггүй байсантай холбоотой. Сонгууль болох гэж байсан нь улс төрчдөөс дэмжлэг авах бололцоо олгосон юм.

ТББ-уудын талаар улс төрийн намууд ямар бодлого баримтлах гэж буйг олж мэдэхэд ФИП-ийн зорилго оршиж байв. Ийнхүү кампанит ажил явуулсны үр дүнд эвслийн засгийн газрыг байгуулсан улс төрийн нам нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ТББ-ууд болон сайн дурынхны боловсруулсан хуулийн төслийг дэмжинэ гэсэн амлалт оруулсан. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан 50 гаруй байгууллага, сүлжээний төлөөлөгчдийн боловсруулж, хэлэлцсэн хуулийн төслийг улс төрчид хүлээж авсан гэсэн үг. Ийнхүү ТББ-уудын боловсруулсан төсөл нь шинэ засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн үндэс нь болсон юм.

Засгийн газартай зөвлөлдсөн нь

2001 оны 12 дугаар сарын 5-нд дэлхийн сайн дурынхны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр Ерөнхийлөгч Александр Квасневски болон Сангийн сайд бөгөөд Шадар сайд профессор Марек Белка нар ерөнхийлөгчийн ордонд дээрх хуулийн төслийг дэмжихээ мэдэгдсэн.

Хуулийн төслийг боловсруулсан үйл явцын хувьд ТББ-уудын дээвэр байгууллагуудын зүгээс холбогдох яамд болон ТББ-уудын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналыг Хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд профессор Ерзи Хауснерт дэвшүүлсэн. Тус хуулийн талаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдсэн нь ТББ-уудын урам зоригийг нэмэгдүүлж, улмаар “Контакт” бүлэг байгуулагдсан.

Тус бүлэгт ТББ-уудыг төлөөлөх гишүүдийг сонгууль хийх замаар тодруулахаар болсон. Сонгуулийг электрон аргаар компьютерээр явуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулах хамтарсан багт ТББ-уудыг төлөөлөх 15 шинжээчийг сонгосон.

Албан бус байгуулага болох “Контакт” бүлгийн гишүүд нийгэмд үйлчлэх байгууллагуудын тухай хууль болон ЕХ-ны бүтцийн сан зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн. Энэхүү бүлгийн хүчин чармайлтын үр дүнд засгийн газраас өргөн барих гэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн ба ТББ-ууд мэдээлэл солилцох боломж нэмэгдсэн. 1%-ийн механизмын хувьд техникийн чанартай деталиуд бус харин үзэл баримтлал, загварын асуудлуудад нь анхаарал хандуулж байсан.

Дээр дурьдсан зөвлөлдөх үйл ажиллагааны эцэст “Контакт” бүлэг тайлан гаргасан.(3) Талуудын зөвшилцсөн асуудлуудыг тус илтгэлд дурьдсан нь хуулийн төслийн агуулгыг тодорхойлоход үндсэн суурь болж өгч чадсан. Энэхүү илтгэлийн үзэл санаанд суурилан төрийн болон ТББ-ын төлөөлөгчид парламентаар уг хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр тодорхой саналуудыг дэвшүүлсэн.

Парламенттай хамтран ажилласан нь

Гуравдахь секторын ашиг сонирхлыг дэмжсэн нөлөөллийн ажил явуулсан ТББ-ууд нь дээрх хуулийн төсөлд онцгой анхаарал хандуулахыг Польшийн парламентын доод танхим-Сеймийн даргаас хүссэн. Үүний үр дүнд хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт оруулахаас өмнө Сеймийн дарга ТББ-уудын төлөөлөгчидтэй уулзаж, энэ асуудлаар бага хурал зохион байгуулсан. Төсөл байнгын хороодын хурлаар хэлэлцэгдэх үеэр мөн ТББ-уудын төлөөлөгчид байлцсан.

Лобби үйл ажиллагаанд оролцсон холбоо, сангуудын хүчин чармайлтын үр дүнд ТББ-уудтай хамтран ажиллах парламентын бүлгийг байгуулах шийдвэрийг Сеймийн дарга гаргасан. Тус бүлэг нь парламент дахь улс төрийн бүх намын төлөөлөгчдөөс бүрдсэн. Бүлэг байгуулагдсан нь ТББ-уудын хувьд парламенттай харьцах бололцоог нь сайжруулснаараа ач холбогдолтой байв.(4)

1%-ийн асуудлаарх лобби үйл ажиллагаа нь аль нэг улс төрийн намын эрх ашигт үйлчлээгүйгээрээ давуу талтай. Дээр дурьдсан хамтын ажиллагааны хэлбэрүүдээс гадна ТББ-уудын сүлжээний лидерүүд парламентын гишүүдэд хандаж хуулийн төсөлд дурьдагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн сонголтуудад анхаарлыг нь хандуулсан. Сөрөг хүчинтэй хамтран ажилласан нь засгийн газрын дэмжлэгийг олоогүй асуудлаар өөр байр суурийг санал болгоход тус дөхөмтэй байсан. Эцэст нь ТББ-уудын саналыг улс төрийн намууд дэмжиж, байнгын хорооны хуралдаанд уг төслийг өргөн барьсан.

14 сар үргэлжилсэн парламент дахь үйл явцын үеэр ТББ-уудын төлөөлөгчид шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох бололцоогоор хангагдаж тодорхой асуудлаар санал бодлоо илэрхийлж, үндэслэл нотолгоогоо танилцуулсан. Энэ нь аль нэг асуудлаар мэтгэлцээн өрнөх үед парламентийн гишүүдэд шууд хандаж тайлбар өгөх боломжтой байснаараа давуу талтай.

Парламент дахь хэлэлцүүлгийн үеэр 1%-ийн механизмын хоёр өөр загварыг авч хэлэлцсэн. Цөөнхийн гишүүд Унгарын туршлагад тулгуурласан загварыг санал болгосон боловч Сеймийн олонх үүнийг дэмжээгүй. Эцэст нь засгийн газраас боловсруулсан төслийг баталсан билээ.

2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явагдсан уг хуулинд Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ТББ-уудын төлөөлөгчид оролцсон.

Дээр дурьдсан нөлөөллийн ажлын явцад янз бүрийн байгууллагууд хууль тогтоомжинд хийсэн дүн шинжилгээ болон санал бодлоо засгийн газар, хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдөд танилцуулж байсан. Мөн ТББ-уудын хэрэгцээ шаардлагын талаар хийсэн судалгааны дүнг төвийн ба орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Энэ төрлийн нөлөөллийн үйл ажиллагаанд ТББ-уудын лидерүүд болон ажилтнууд, хуулийн ба нийгмийн бодлогын шинжээчид, социологчид идэвхтэй оролцдог. Олон улсын ашгийн төлөө бус хуулийн төв зэрэг гадаадын байгууллагууд ч засгийн газар, парламентын гишүүдтэй хийсэн хэлэлцүүлэг ярилцлагад оролцож байлаа.

Дүгнэлт

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа ба сайн дурын хөдөлгөөний тухай хууль батлагдахаас өмнө хийгдсэн нөлөөллийн кампанит ажлууд нь дараах ач холбогдолтой байв:

  • Хамгийн гол нь ТББ-уудын талаарх олон нийтийн дундах ойлголтыг өргөжүүлэн сайжруулахад нөлөөлсөн.
  • ТББ-ууд болон яамдын хувьд зөвлөлдөх бололцоог бүрдүүлсэн хэд хэдэн байгууллага, бүтэц бий болсон.

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллага ба сайн дурын хөдөлгөөний тухай хууль батлагдсаны үр дүнд ТББ-уудыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах үүргийг бүх түвшний төрийн захиргааны байгууллагуудад ногдуулсан.(5)

Энэхүү хууль батлагдсан нь Польшийн ТББ-уудын үйл ажиллагааны эрх зүйн орчинд хийгдсэн маш чухал алхам байсан хэдий ч ТББ-ууд 1%-ийн тогтолцоо зэрэг асуудлаар харилцан адилгүй байр сууриа илэрхийлсэн. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар 1%-ийн асуудалд хэт их анхаарал хандуулснаас уг хуульд тусгагдсан олон чухал асуудлын ач холбогдол буурахад хүрсэн ажээ.

ТББ-уудын хөгжилд холбогдох өөр бусад асуудлын хувьд төдийлөн их ахиц дэвшилд хүрсэн гэж үзэх боломжгүй. 1%-ийн асуудлыг дөнгөж шийдвэрлэсний дараа Польшийн засгийн газраас улсын төсөвт томоохон өөрчлөлт оруулах санхүүгийн шинэчлэлийн багц арга хэмжээнүүдийг бэлтгэсээр байна. Үүний дотор хандивын хөрөнгийг татвараас чөлөөлөх заалтуудыг хүчингүй болгуулах саналыг засгийн газар дэвшүүлсэн. Засгийн газар энэхүү санаачлагаа хамгаалахдаа саяхан батлагдсан боловч бодит амьдралд хэрэгжиж амжаагүй байгаа 1%-ийн тогтолцоог иш татсан. Энэ өөрчлөлтийг ТББ-ууд хүчтэй эсэргүүцсэний үр дүнд хандивтай холбогдсон татварын хөнгөлөлт хэвээр үлдсэн боловч 2003 оны намар татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг 2004 оноос бууруулах тухай тогтоол гарсан билээ. Засгийн газрын энэхүү алхам нь саяхан батлагдсан хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж ТББ-уудын дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байна.


  1. Тус улс төрийн бус холбоог ТББ - уудад холбогдох асуудлаар тэдний санал бодлыг илэрхийлэх зорилгоор 1996 онд янз бүрийн ТББ - уудын лидерүүд байгуулсан .
  2. Сонгуулийн дараа Социал демократ болон хөдөөгийн намуудын эвсэл байгуулагдсан .
  3. Контакт бүлэг татан буугдаж оронд нь Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны зөвлөл хэмээх албан ёсны байгууллагыг дээрх хууль батлагдсаны дараа бий болгосон . Тус зөвлөл нь төв ба орон нутгийн засаг захиргаа , ТББ - уудын төлөөлөгчдөөс бүрддэг .
  4. Парламентын энэ бүлэг одоо ч ажиллаж буй боловч идэвхи нь харьцангуй суларсан .
  5. “ Нийгмийн харилцан ярилцлагын дүрэм ” хэмээх баримт бичгийг засгийн газар боловсруулж баталсан . Уг дүрэмд зааснаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд төрийн байгууллагууд ТББ - уудтай хамтран ажиллах ёстой .
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.