Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Нийтлэл
2005-05-31

1%-ийн татварын механизм нь МУ-д ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болно

Г. Ундрал
Ардчиллын Боловсрол Төвийн захирал

“Өнөөдөр” сонины 2005 оны 05-р сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн материал

“1%-ийн татварын хууль” гэх санаачлагыг анх Унгар улс гаргаж 1996 онд Хүн амын орлогын албан татварын хуульдаа өөрчлөлт хийж, 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Төв ба Зүүн Европын зарим орон энэхүү туршлагыг судалж, улмаар хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Тухайлбал, 1999 онд Словак, 2000 онд Литва, 2003 онд Польш, 2004 онд Румын улс татварын хуульдаа ийм өөрчлөлт хийж хэрэгжүүлж байгаа бол Чех, Украйн, Македони, Гүрж зэрэг улс энэ асуудлаар судалгаа хийж байгаа.

1%-ийн татварын хуулийн гол санаа нь “Татвар төлөгч иргэн ХАОАТатварынхаа нэг хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулж байгаа аль нэг ТББ-д зориулан нэр заан тодорхойлж өгөх” явдал юм. Өөрөөр хэлбэл, татварынхаа 1%-ийг юунд зориулж өгөхөө иргэн өөрөө тодорхойлж, бас юунд зарцуулж байгааг нь ч хянах эрхтэй гэсэн үг. Одоогоор иргэд маань татвараа өгөөд л байгаа болохоос гүйцэтгэлийг нь хянаж чадахгүй байгаа. Харин энэ “нэг хувийн татварын хууль” батлагдсанаар татвар төлөгч иргэд улсын төсвийг бүрдүүлэхээс гадна төсөв хуваарилдаг механизмд болно. 1%-ийн татвар гэдэг нь нэмэлт татвар ногдуулалт биш, харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХАОТ-ын хуваарилалтын хэлбэр юм шүү гэдгийг иргэд зөвөөр ойлгоно биз дээ. Ардчиллыг ард түмний засаглал гэдэг. Тэгвэл ард түмэн нэг хувийн эрх мэдэлтэй болно гэсэн үг. Тэгснээрээ татвар төлөгч миний татварын нэг хувь ийм зүйлд зарцуулагдаж байна гэдгээ мэдэж байна шүү дээ. Хэрвээ тухайн хүн миний санаанд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг сайн төрийн бус байгууллага байдаггүй гэж үзэж байгаа бол татварынхаа нэг хувийг өгөхгүй байж болно. Гэхдээ нэг хувь нь улсын төсөвт ордогоороо л орно гэсэн үг.

Энэхүү 1%-ийн татварын тогтолцоо нь ямар ач холбогдолтой юм бэ? гэж хүмүүс сонирхох байх. Энэ нь иргэний нийгмийн хөгжлийг урагшлуулах асар том туршлага болно гэж би бодож байна. Юуны түрүүнд ТББ-ууд дотооддоо орлогын эх үүсвэртэй болно. ТББ-уудын үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, олон нийтийн дэмжлэг авах боломж гарна. Шийдвэр гаргах төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй болно. Нөгөө талаас нийгмийн сайн сайхны төлөө иргэд сайн дураараа үүрэг гүйцэтгэх “сургууль” болж өгнө. ТББ ба Татварын албаны хооронд шууд харилцаа үүснэ. Ийм хууль баталсан төр, засгийн имиж олон түмний дунд болон гадаад орчинд өснө гээд олон ач холбогдлыг тоочиж болно. Хамгийн гол нь “нэг хувийн хууль”-ийн механизм нь ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болж өгөх юм.
Унгарт иргэний нийгмийн 45 мянган байгууллага байдаг. Өнгөрсөн оны байдлаар тэдгээрийн 21 мянга нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээж нэг хувийн татварын санхүүжилтэд 30 сая орчим ам.долларыг авсан гэсэн дүнг миний оролцсон сургалтын үеэр танилцуулж байсан. Унгарт иргэний нийгмийн байгууллага харьцангуй сайн хөгжиж буй нь санхүүжилтийн энэ системтэй холбоотой. Учир нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээхийн тулд олон нийтэд мэдрэгдэхүйц сайн ажиллах ёстой болдог юм билээ. Эцсийн дүндээ сайн ажиллаж чадаж буй нь иргэдээс санхүүгийн дэмжлэг авч чаддаг. Тэдний туршлагаас харахад ТББ-уудын хувьд жинхэнэ өрсөлдөөн гарч ирдэг. Үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадгаас хүмүүс нь ашиг тусыг нь сайн мэддэг болдог.

Өнөөдөр ХЗДХЯаманд 4700 төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Эдгээр байгууллагуудын хамгийн хүндрэлтэй асуудал нь санхүүжилт байдаг. 2000 онд хийсэн судалгаанаас харахад ТББ-уудын 94% нь гадаадын санхүүжилтээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Эндээс үзэхэд манай ТББ-ууд үндсэндээ гадаад эх үүсвэрийн хүчинд ажиллаж байна гэдэг нь тодорхой байна. Гадаадын хандивлагчид хэзээ нэгэн цагт дэмжлэг туслалцаагаа зогсоох үед дотоодын филантропи үзэлтнүүдийг бий болгож чадаагүй байвал ихээхэн хор уршигтай. Тэгэхлээр ТББ-уудын өмнө дотооддоо санхүүгийн эх үүсвэртэй болж авах асуудал хурцаар тавигдаж байгаа юм.

Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилд (2001-2004) хүн амын орлогын албан татварт иргэд хичнээн төгрөгний татвар төлөв гэдгийг Үндэсний татварын ерөнхий газраас авсан мэдээнд үндэслэн гаргахад дунджаар 31 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс европын орнуудын жишгээр нийт татвар төлөгчдийн 30 хувь нь нэг хувийн татварыг төлдөг гэж үзвэл 9.3 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөний нэг хувь нь 93 сая төгрөг болох жишээтэй. Энэ бол нийт 4700 ТББ-уудад хамрагдах тоо юм шүү дээ. Энэ 90 сая төгрөгний хэдийг нь хэдэн ТББ, ямар ТББ хүртэх вэ гэдэгт чухам тухайн ТББ-уудын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, ил тод байдал зэрэг шалгуурууд нөлөөлөх болно. Ингэснээр ТББ-уудын ажлыг үнэлэх олон нийтийн шалгуур бий болох юм.

Одоогоор татварын 1%-ийн санаачлагыг Монголд нэвтрүүлэх талаар ТББ-уудын албан бус Эвсэл байгуулагдаж үндэсний хэмжээнд өргөн хүрээтэй сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг эхлүүлэээд явж байна. “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хууль”-ийн төсөлд ТББ-ын санхүүжилтэд нэмэр болох зарим нэгэн заалтуудыг сэргээн оруулахаар болон уг “1%-ийн татвар”-ын заалтуудыг тус тус тусгаж холбогдох татварын хуулиудын төсөлд нэмэлт болон оруулсан байгаа. Иймээс уг Эвслийн гол зорилтуудын нэг бол “Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд ТББ-д хөнгөлөлт үзүүлэх болон тухайн 1%-ийн татаврын заалтуудыг нэмж тусгуулахаар ажиллах явдал юм.

ТББ-уудаас гадна донор болон бизнесийн байгууллагууд, иргэд, олон нийт, шийдвэр гаргах түвшний албан тушаалтангууд, хууль тогтоогчид гээд ер нь хүн бүрийн хүчин зүтгэл, санаачлага дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд энэхүү “нэг хувийн хууль” нь биелэлээ олох болно.

Ингээд эцэст нь “Та татварынхаа 1%-ийг иргэний нийгмийн байгууллагад өгснөөрөө нийгмийн сайн сайхны төлөө бага боловч буян хийж байна, бас нэг хувийн эрх мэдэлтэй болж байгаа юм шүү” гэдгийг дээр доорргүй ойлгох бизээ гэж найдаж байна.


Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.