Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Нийтлэл
2005-05-17

"Ардчиллын боловсрол төв"-ийн захирал Г. Ундралын "ЗУУНЫ МЭДЭЭ" сонины 2004 оны 12 сарын 8-ны өдрийн 291 дугаарт өгсөн ярилцлага

НЭГ ХУВИЙН ЭРХ МЭДЭЛ

Татварынхаа нэг хувийг төрийн бус байгууллагад өгнө гэхээр нэлээд сонин санагдаж байна л даа. Та энэ талаар тодруулна уу?

Төв ба зүүн Европын зарим орны Хүн амын орлогын татварын хуульд нэгэн сонин заалт байдаг юм байна. Иргэд нь манайх шиг сар бүр цалин орлогоосоо татвар төлдөггүй, харин тухайн оны арванхоёрдугаар сараас эхлэн дараа оны гуравдугаар сарын хооронд жилийн орлогоо шударгаар тоолон татварын маягтаа бөглөдөг. Ингэхдээ орлогын татварынхаа нэг хувийг аль нэгэн төрийн бус байгууллагад өгье гэдгээ шийддэг. Ямар байгууллагад өгөх нь тэр хүний өөрийн нь сонголт. Унгар улс Хүн амын орлогын албан татварын хуульдаа 1996 онд өөрчлөлт хийж, 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус улсын санаачилгаар Зүүн Европын зарим орон туршлага судалж, хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Тухайбал, 1999 онд Словак, 2000 онд Литва, 2003 онд Польш татварын хуульдаа ийм өөрчлөлт хийсэн байна. Харин Румын улс энэ жил хуулиа баталсан, 2005 оноос хэрэгжүүлж эхлэх бол Чех, Украин, Македони, Гүрж зэрэг улс энэ асуудлаар судалгаа хийж байгаа.

Бүх хүн нэг хувийн татварыг төлөх ёстой юу?

Үгүй, сайн дурын үндсэн дээр шийддэг юм билээ. Хэрвээ тухайн хүн миний санаанд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг сайн төрийн бус байгууллага байдаггүй гэж үзэж байгаа бол татварынхаа нэг хувийг өгөхгүй байж болно. Гэхдээ энэ нэг хувь нь улсын төсөвт ордогоороо л орно гэсэн үг. Унгарт хийсэн судалгаагаар нийт татвар төлөгчийн 30 хувь нь нэг хувийн татварыг төлдөг гэсэн тооцоо гарсан байна билээ.

Хэдийгээр нэг хувийн татвар гэж байгаа боловч яг амьдрал дээр хоёр хувийг төлдөг юм билээ. Шашин, сүм хийдээ хүндэлдэг европынхон хүн амын орлогын татвараасаа нэг хувийг сүм хийддээ зориулаад хэвшчихсэн. Иргэний нийгмийн байгууллагууд ч хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа учраас яагаад сүм хийд шиг дэмжүүлж болохгүй гэдэг үүднээс санаа авч, түүнийгээ нийгэмд ойлгуулан сурталчлах ажлыг сайн хийсний үндсэн дээр хэрэгжсэн нэг хувийн татварыг системийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.

Сайн дураараа өгнө гэхээр зарим байгууллагад татвар төлөгчдийн мөнгөнөөс хувь хүртэхгүй байгууллага ч гарч ирнэ гэсэн үг үү?
Унгарт иргэний нийгмийн 45 мянган байгууллага байдаг. Өнгөрсөн оны байдлаар тэдгээрийн 21 мянга нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээж нэг хувийн татварын санхүүжилтэд 30 сая орчим ам.долларыг авсан гэсэн дүнг миний оролцсон сургалтын үеэр танилцуулж байсан. Зарим нь хоосон үлдэх гээд байна гэсэн тэнцүүлэх тухай ойлголт байдаггүй юм билээ. Унгарт иргэний нийгмийн байгууллага харьцангуй сайн хөгжиж буй нь санхүүжилтийн энэ системтэй холбоотой. Учир нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээхийн тулд олон нийтэд мэдрэгдэхүйц сайн ажиллах ёстой болдог юм билээ. Эцсийн дүндээ сайн ажиллаж чадаж буй нь иргэдээс санхүүгийн дэмжлэг авч чаддаг.

Төрийн бус байгууллагуудад татвараасаа хандивласан хүмүүс эргээд миний өгсөн мөнгийг юунд яаж зарцуулав гэдгийг хянах бололцоо байх уу?
Хяналтын механизм нь их нарийн юм билээ. Ийм тогтолцоог хэрэгжүүлсэн улс оронд эхлээд энэ талаарх сурталчилгаагаа их сайн хийдэг юм байна. Дараа нь хэрэгжээд ирсэн тохиолдолд төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх нэг нөхцөл нь энэ нэг хувийн татвар нь болдог юм билээ.

Нөгөө талаар нэг хувийн татварын хуулийг хэрэгжүүлж байгаа орнууд үүнийгээ “Иргэд нэг хувийн эрх мэдлээ эдэлж байна” гэж үздэг юм билээ. Иргэд татвараа төлөөд байдаг, улс түүнийг нь аваад л байдаг. Манай иргэд “татвар төлөгчдийн мөнгөөр “туйлж” байна” гээд л хэл ам хийж, шүүмжлэл өрнүүлдэг биз дээ. Яагаад татвар төлөгч иргэн хүн төлсөн мөнгөнийхөө нэг хувийг мэдэж байж болохгүй гэж. Ардчиллыг ард түмний засаглал гэдэг. Тэгвэл ард түмэн нэг хувийн эрх мэдэлтэй болно гэсэн үг. Тэгснээрээ татвар төлөгч миний татварын нэг хувь ийм зүйлд зарцуулагдаж байна гэдгээ мэдэж байна шүү дээ. Бас шийдвэр гаргах төвшний төвлөрлийг бага хэмжээгээр ч гэсэн сааруулна.

Монголд үүнийг хэрэгжүүлбэл төрийн бус байгууллагууд ямар хэмжээний санхүүжилт авч болох талаар Та судалж үзэв үү?
Өнөөдөр манайд төрийн бус байгууллага гэхээр их тоо гардаг. Одоогоор 4300 гаруй байх жишээтэй. Үйл ажиллагаа нь сайн, муу, янз бүр байгаа. Эдгээрийн хамгийн хүндрэлтэй асуудал нь санхүүжилт. Яг үнэндээ дандаа гаднаас санхүүжилт хайдаг, гаднын байгууллагын тусламжтайгаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Дотоод эх үүсвэр гэж байдаггүй. Энэ нь иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин ажиллахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Төрийн зүгээс ямар нэгэн дэмжлэгийг үзүүлж чадахгүй байгаа ийм нөхцөлд нэг хувийн татвар нь манайд хэрэгжүүлэх ихээхэн боломжтой.

Сүүлийн гурван жилд хүн амын орлогын албан татварт иргэд хичнээн төгрөг төлөв гэдэг дунджийг Татварын ерөнхий газар болон статистикийн байгууллагын гаргасан тооцоонд үндэслэн гаргахад дунджаар 26 орчим тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс бусад орнуудын жишгээр 30 хувь нь татвараа шударгаар төлдөг гэж тооцвол 7.8 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөний нэг хувь нь 78 сая төгрөг болох жишээтэй. Энэ бол хамгийн доод талын тоо. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлж чадвал төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд том хувь нэмэр болно.

Энэ талаарх заалтыг холбогдох хуульд оруулах талаар юу хийж байна вэ?
Шинээр гарах “Ашгийн бус байгууллагуудын тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж байгаагийн хувьд энэ талаарх заалтыг уг төсөлд оруулж өгсөн. Гэхдээ мэдээж, хууль батлах үе шатанд ямар өөрчлөлт гарахыг хэлж мэдэхгүй шүү дээ.
Өнөөдөр татвараа бүрэн хурааж авч чадахгүй байна гээд манай татварын байгууллага дээр бөөн асуудал гардаг шүү дээ. Ийм нөхцөлд татварынхаа нэг хувийг төрийн бус байгууллагад өгөх хүн гарах болов уу?
Үүнийг хийж хэрэгжүүлсэн орнууд ч гэсэн ялгаагүй бэрхшээлтэй учирч байсан. Хамгийн гол нь энэ талаар ойлгуулах, тайлбарлан таниулах ажлыг бүх шатанд сайн хийсний үндсэн дээр амжилт олсон юм билээ. Өөрөөр хэлбэл, та орлогынхоо нэг хувийг иргэний нийгмийн байгууллагад өгснөөрөө ниймгийн сайн сайхны төлөө бага боловч буян хийж байна, бас нэг хувийн эрх мэдэлтэй болж байгаа юм гэдгийг иргэдэд сайн ойлгуулна гэсэн үг л дээ.

Юуны түрүүнд ТББ-уудынхаа дунд энэхүү санаачилгыг таниулан сурталчилна. Цаашид төр болон хууль тогтоох байгууллагын гишүүдэд ойлгуулах, нөлөөлөх гээд асар их цар хүрээтэй ажлыг явуулах шаардлагатай байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн олон улсын болон гадаадын байгууллагууд энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн байгаа. Манай төр засаг ч дэмжих байх гэж найдаж байна. Ийм хууль баталсан төр засгийн имиж олон түмний дунд болон гадаад ертөнцөд өсөх нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь “нэг хувийн хууль”-ийн механизм нь ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болж өгөх юм гэдгийг дээр доргүй ойлгох бизээ гэж найдаж байна.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.